Мэдээлэл   

“ХАМТДАА” ГЭР БҮЛИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах, цагдаагийн албаны эрсдэлтэй болон эерэг давуу тал, алба хаагчдын ажлын онцлогийг гэр бүлийнхэнд нь зөв ойлгуулах зорилгоор “Хамтдаа”  гэр бүлийн уулзалт хэлэлцүүлгийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газрын  хурлын зааланд зохион байгууллаа.

Арга хэмжээнд тус газрын алба хаагчдын гэр бүлийн төлөөлөл 50 гаруй иргэд оролцож, аав, ээж, хань ижил, ах дүү, үр хүүхдийнхээ ажлын онцлогийн талаар мэдээлэл сонсож, санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Уулзалтын хүрээнд цагдаагийн байгууллагад ажиллаж буй алба хаагчид  цагдаагийн байгууллагын шаардлага, шалгуур үзүүлэлт, гүйцэтгэх ажил үүргийг гүн гүнзгий ойлгон хүлээн зөвшөөрч бүхий л эрсдлийг даван туулж чадна гэж тангараг өргөсөн бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь ар гэрийн дэмжлэг, туслалцаа маш чухал гэдгийг тайлбарлаж, нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж  буй гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, Мөрдөн шалгах газрын алба хаагчдын ажлын онцлог, чиг үүрэг, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, цагдаагийн байгууллагаас баримталж буй бодлого шийдвэрийн талаар товч мэдээлэл өгсөн.

 Алба хаагчдын ажиллах урам  зоригийг нэмэгдүүлэх, гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд байгууллага, дарга удирдлага, хамт олон болон гэр бүлийн зүгээс юун дээр анхаарах талаар санал бодлоо солилцоход алба хаагчдын гэр бүлээс “байгууллагын зүгээс эрүүл мэндэд нь анхаарч, үзлэг шинжилгээнд хөнгөлөлттэй үнээр хамруулж байх, залуу алба хаагч нар голдуу ажилладаг тул нийгмийн баталгааг хангаж, хөнгөлөлттэй орон сууцанд хамруулах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, сургалтанд хамруулах, оройн цагаар нөхөр ажилтай үед нялх хүүхэдтэйгээ хоёулхнаа байхаар айх тохиолдол байдаг, тиймээс нялх хүүхэдтэй алба хаагчдыг шөнийн цагаар ажиллуулахгүй байх боломжтой эсэх” талаар саналууд гарсан тул газар хэлтсийн дарга  нараас  хариулт, тайлбарыг  өгч, харилцан ярилцсан.

Мөн ажил ихтэй гэх нэрийдлээр гэртээ очдоггүй, хэсэг бүлгээрээ нийлж, архидан согтуурдаг асуудлыг гэр бүлийн хүрээнд чөлөөтэй ярилцаж, дахин ийм зөрчил дутагдал гаргуулахгүй байх талаар гэр бүлийн гишүүдтэй хамтарч  ажиллахаар болсон.

Арга хэмжээний хүрээнд алба хаагчдад болон тэдний гэр бүлийн гишүүдэд Хууль сахиулах их сургуулийн сэтгэл зүйч Б.Энхтүшиг “Гэр бүлийн харилцаанд анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл өгч, хөгжилтэй сорил тоглоом тоглуулж, Нийслэлийн цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн багтай хамтран гэр бүлийн гишүүдээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал,  ажил байдлын түвшинг тодорхойлох зорилгоор санал асуулга авч дүгнэхэд алба хаагчдын гэр бүлийн уур амьсгал таатай буюу 59,3 хувь, сайнтай муутай байна гэж 40,6 хувь нь хариулсан байна. Нөхрийнхөө ажлын ачааллыг дүгнэхдээ  ачаалал хэт их байдаг гэж 54,8 хувь, зарим үед их байдаг гэж 38,7 хувь нь  дүгнэсэн байна.

Нөхөр /эхнэр/-ийнхээ ажлаа хэвийн гүйцэтгэхэд Бүрэн хариуцдаг гэж 43,9 хувь, Сэтгэл санаагаар дэмждэг гэж 39,02 хувь, Тийм боломж байхгүй гэж 9,7 хувь, Бусад гэж 7,3 хувь нь сонголт хийснээс харахад цагдаагийн алба хаагчийн гэр бүлийн гишүүд ар гэрийн асуудлыг бүрэн хариуцаж, албан үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлөөр бүрэн хангадаг гэсэн дүгнэлт гарсан болно.

Уулзалтын төгсгөлд хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд идэвх зүтгэл гарган ажиллаж буй алба хаагчдын ар тал болдог гэр бүлийнхэнд нь  талархал илэрхийлж,  бусдыгаа хошуучлан ажилласан 3 алба хаагчийн гэргий нарт “Талархал” гардуулсан юм.

Алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн “Архигүй орчин – Архигүй хамт олон” уриалгыг дэвшүүлсэн нь энэхүү уулзалтын онцлох үйл явдал байлаа

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН

МӨРДӨН ШАЛГАХ ГАЗАР


 

 

 

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах