Байгууллагын дотоод журам   

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДОТООД ЖУРАМ

 Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1 Энэ журмын зорилго нь Цагдаагийн албаны тухай, Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хөдөлмөрийн тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Алба хаагчийн ёс зүйн дүрмийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 1, 2, 3, 4, 5 дугаар байрны /цаашид харьяа нэгжийн байр гэх/ хамгаалалт, алба хаагч ажиллагсдын сахилга, дэг журмыг бэхжүүлэх, үр бүтээл, идэвхи, санаачлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, байгууллагын нууц хадгалалт, хамгаалалт тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулахад оршино.

 

1.2 Энэ журам нь Улаанбаатар хотын цагдаагийн газар болон харьяа нэгжийн байрлаж байгаа байранд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагч, ажилтан болон гэрээгээр ажил үйлчилгээ эрхэлж байгаа ажилчин, нэвтэрч буй иргэдэд үйлчилнэ.

 

1.3 Улаанбаатар хотын цагдаагийн газрын харъяа нэгжийн байр нь 24 цагийн турш байнгын цагдаагийн харуул хамгаалалтад байна. Харьяа нэгжийн байрны харуул хамгаалалт, обьектын аюулгүй байдлыг хамгаалах ажлыг тухайн байранд ажиллаж байгаа байгууллагын дарга хариуцна.

 

1.4 Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа нэгжийн байр /обьект/-д шалган нэвтрүүлэх ажиллагааг энэ журамд зааснаар зохицуулна.

 

1.5 Алба хаагчдын долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл, ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна. Албан ажил өглөө 08.30 цагт эхэлж, орой 17.30 цагт дуусна. Өдрийн завсарлага буюу цайны цаг 12.00-13.00 цагийн хооронд байна.

 

1.6 Энэ журмын хэрэгжилтэд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд дарга хяналт тавьж ажиллана.

 

Хоёр. Шалган нэвтрүүлэх ажиллагаа

 

2.1 Байгууллагын даргыг тухайн өдрийн өглөө ажлын байранд ирэхэд ерөнхий жижүүр “Дотоод албаны дүрэм”-ийн дагуу илтгэл өгч, нөхцөл байдлыг танилцуулна.

 

2.2 Улаанбаатар хотын цагдаагийн газрын болон харьяа нэгжийн байрны алба хаагч, ажилчдаас бусад цагдаагийн алба хаагч, ажилтан, ажилчдын албаны үнэмлэхийг шалган дэг журам сахиулах жижүүрийн цагдаа хяналтын төхөөрөмжөөр эд зүйлийг шалгаж нэвтрүүлнэ.

2.3 Нэгдүгээр байрны гадна талбайд автомашиныг нэвтрүүлэх, байрлуулах, орж гарах үед жижүүрийн цагдаа зохицуулж ажиллана. /өглөөний 08.00 цагаас орой 18.00 хүртэл/  

 

2.4 Дипломат эрхтэй болон консулын газрын ажилтны үнэмлэхийг шалгаж, биед болон эд зүйлд үзлэг, шалгалт хийхийг хориглоно.

 

2.5 Хүйтний улиралд гаднаас төв байранд орж ирсэн алба хаагчид, иргэдийн гадуур хувцсыг өлгүүрт өлгүүлсний дараа нэвтрүүлэх бөгөөд өлгүүрийн үйл ажиллагааг 1 дүгээр байранд Санхүүгийн хэлтэс хариуцна. Бусад нэгжид тухайн байранд байрлан үйл ажиллагаа явуулж байгаа нэгжийн дарга нар зохион байгуулж хяналт тавьж ажиллана.

 

2.6 Дүрэмт хувцасны зөрчилтэй алба хаагч болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн иргэдийг албан байранд нэвтрүүлэхийг хориглоно.

 

2.7 Шалган нэвтрүүлэх 2 дугаар цэгийн дэг журам сахиулах цагдаа нь цайны газар, аж ахуйн хэсгийн хэрэгцээний бараа материал зөөх, цайны газрын ажилчид, түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулж байгаа алба хаагчид, иргэдийг шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд хяналт тавина.

 

2.8 Алба хаагчид, ажилчид овор ихтэй эд зүйлийг байгууллагаас авч гарч буй тохиолдолд бүрт Ерөнхий жижүүрт мэдэгдэн бүртгүүлж нэвтрэх ба эд зүйл гаргасан тохиолдолд бүрт хоногийн ажлын илтгэх хуудсанд тэмдэглэн харьяа нэгжийн даргад мэдэгдэнэ.

 

2.9 Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагч, ажилд ирэх болон тарах үедээ гарын хээний автомат цаг бүртгэгч төхөөрөмжид цагаа бүртгүүлэх бөгөөд түүнд үндэслэн ажилласан цагийг тооцож цалинг бодно.

 

2.10 Ажлын цаг дуусснаас хойш болон амралтын өдрүүдэд онцгой шаардлагатайгаас бусад тохиолдолд алба хаагчдыг ажлын байранд нэвтрүүлэхгүй.

 

2.11 Автомат цаг бүртгэлийн төхөөрөмжид ажилласан цагаа бүртгүүлээгүй тохиолдолд тухайн алба хаагчаас бичгээр гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн өглөөний рапортын ирцийн бүртгэл, лац хүлээлцсэн бүртгэлтэй тулгалт хийж нэгжийн дарга цагийн тооцоог хүснэгтээр гарган Дэмжлэг үзүүлэх ажил хариуцсан даргаар батлуулан Санхүүгийн хэлтэст өгнө.

/Хавсралт №-2 Цагийн тооцооны хүснэгт/

 

2.12 Ажлын цагаар гадуур ажлаар явахдаа алба хаагчид дэг журам сахиулах цагдаад хаашаа, ямар зорилгоор явж байгаагаа тэмдэглүүлж цагаа бүртгүүлнэ. Алба хаагч ажилтны ажлын цаг ашиглалтад тухайн газар, хэлтэс, төв, хэсгийн шууд харьяалах дарга хяналт тавьж цагийн тооцоог сар бүрийн 20-ны өдрийн дотор алба хаагч нэг бүрээр гарган өгнө. Энэ нь цалин хөлс олгоход баримтлах үндэслэл болно.

           

2.13 Алба хаагчидтай албан ажлаар уулзах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг тухайн алба хаагч уулзах зөвшөөрөл өгсөн тохиолдолд тэдний иргэний болон ажлын газрын хүчинтэй үнэмлэхийг үндэслэж, энгэртээ зүүх түр нэвтрэх үнэмлэх олгож, ажлын  өдөр 08.30-12.00, 13.00-17.30 цагийн хооронд нэвтрүүлнэ.

 

2.14 Алба хаагчидтай хувийн ажлаар уулзахаар ирсэн иргэдийг жижүүрийн дэргэдэх танхимд хүлээлгэж, тухайн алба хаагч өөрөө гарч уулзана.

 

2.15 Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргатай уулзах алба хаагч, иргэдийг зөвхөн даргын даалгавар гүйцэтгэгчид мэдэгдэж зөвшөөрсөн тохиолдолд хүлээн авах танхимд нэвтрүүлнэ.

 

2.16 Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны шийдвэр, Төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй шуурхай хүргэх зорилгод нийцүүлж Улаанбаатар хотын цагдаагийн газрын удирдлага иргэдийг цагийн хуваарь харгалзахгүйгээр хүлээн авч уулзана.

 

2.17 Уулзалт, хүлээн авалтын ажлыг даргын даалгавар гүйцэтгэгч хариуцан бүртгэл хяналтын карт хөтөлж, байрны дэг журам сахиулах цагдаа нар нэвтрүүлэх, гаргах ажлыг зохион байгуулна.

 

2.18 Газрын харьяа нэгжийн байрны удирдлага, алба хаагч, ажилтан, ажилчид иргэдтэй харьцахдаа “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг чанд мөрдөнө.

 

2.19 Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, агентлагын дарга нар, албан ажлаар ирсэн гадаадын иргэд газар, хэлтсийн удирдлагатай уулзалт хийх тохиолдолд дэг журам сахиулах цагдаа нэгжийн даргын болон уулзалтын танхимд биечлэн хүргэж өгнө.

 

2.20 Газрын харьяа нэгжийн байрны газар, хэлтэс, төв, хэсгийн алба хаагчид албан бичгийг өөрийн компьютер дээр бичиж файл хэлбэрээр нь дотоод сүлжээгээр газрын томилогдсон бичээч /оператор/-т өгч хэвлүүлнэ. Бичээч /оператор/ нь алба хаагчдын удирдах даргадаа хянуулж засварласан нооргийг үндэслэн албан бичгийн стандартад оруулан, үг үсгийн алдааг засч /ангуучлан/, баримт бичгийн хэвлэмэл хуудсан дээр хэвлэж гаргана.

/Хавсралт №-3 Бичээч операторын хуваарь/

 

2.21 Албан бичгийн найруулгын алдааг бичээч /оператор/ хариуцахгүй тухайн албан бичгийг төлөвлөж хянасан албан тушаалтан өөрийн биеэр хариуцна. Баримт бичгийн бичвэр алдаатай, засвартай, тамга, тэмдэг буруу дарагдсан, хэвлэмэл хуудсыг гэмтээсэн, үрэгдүүлсэн зэрэг тохиолдолд бичиг хэргийн ажилтан тусгай тэмдэглэл хөтөлж, буруутай алба хаагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулна.

 

2.22 Бичиг хэргийн эрхлэгч бүртгэлийг сар бүр санхүүд шилжүүлж, хэвлэмэл хуудасны үнийг зах зээлийн тухайн үеийн ханшаар буруутай алба хаагчаар төлүүлэх, хэвлэмэл хуудсыг байгууллагын даргын тушаалаар устгах ажлыг бичиг хэргийн ажилтан хариуцан гүйцэтгэнэ.

 

2.23 Гэмт хэрэгтэй тэмцэх, Нийтийн хэв журам хамгаалах, Замын цагдаагийн газар, Түр хамгаалах байр, Албадан саатуулах төвийн алба хаагчид өөрийн нэгжийн томилогдсон бичээч оператораар албан бичгийг бичүүлж, эцэслэн хэвлүүлнэ.

 

2.24 Газар, хэлтэс, төвийн алба хаагчид баримт бичгийг үдэж, хавтаслан архивт өгөхдөө бичиг хэргийн эрхлэгч, архивчаас заавар, зөвлөгөө авч Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-120/-д заасныг баримтлан дараа оны 1 дүгээр улиралд багтаан өгнө.

 

2.25 Архивч нь заавар, журмын дагуу үдэж хавтаслаагүй баримтыг архив, хадгаламжийн нэгжид хүлээн авахгүй.

 

2.26 Бүх нийтээр амрах баяр, амралтын өдрүүд, улс төрийн сонгуульт өдөр, нийтийг хамарсан жагсаал, цуглаан албаны өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэмжээнд хариуцлагатай жижүүрийг даргын тушаалаар нэмэгдлээр ажиллуулж болно. Нэмэгдлээр ажиллах хариуцлагатай жижүүрт газар, хэлтэс, төв, тасаг, хэсгийн дарга нарыг томилон ажиллуулна.

/Хавсралт №-4 Хариуцлагатай жижүүрийн ажлын заавар/

 

2.27 Бүх нийтээр амрах баяр, амралтын өдөр болон бусад амралтын өдрүүдэд ажиллах алба хаагч, ажиллагсдын нэрсийн жагсаалт, хуваарийг харьяа газар, хэлтэс,төв, хэсгийн дарга нар төв байрны жижүүрт өгнө.

 

2.28 Байгууллагын даргын шийдвэрээр алба хаагчдыг амралтын өдөр ажиллуулсан тохиолдолд ажлын ачаалал, үр дүн зэргийг харгалзан тухайн нэгжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр нөхөн амрааж болно.

 

2.29 Автомашины зогсоолын талбайд байгууллагын дарга нарын албаны, алба хаагчдын хувийн, иргэдийн автомашин гэж 3 ангилан зогсоолд тэмдэг, тэмдэглэгээг хийж, санхүүгийн хэлтэс хариуцан ажиллана.

 

2.30 Байрны гадна автомашины зогсоолын талбайн зураглалыг Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс үйлдэж, удирдлагаар батлуулж дотоод журамд хавсаргана.

/Хавсралт №-5, Гадна талбайн автомашин байрлуулах зураглал/

 

2.31 Цагдаагийн газраас зохиогдох нэгдсэн болон нийтийг хамарсан арга хэмжээний үед төв байрны гадна талбайд автомашин оруулахыг хязгаарлана.

 

Гурав. Обьектын аюулгүй байдлыг хангах

 

3.1 Байрны харуул хамгаалалт, обьектын аюулгүй байдлыг хариуцаж шалган нэвтрүүлэх цэгүүдэддэг журам сахиулах цагдаа үүрэг гүйцэтгэх ба төв хаалганд ерөнхий жижүүр хяналт тавьж ажиллана. Ерөнхий жижүүрт алба хаагчид батлагдсан хуваарийн дагуу 24 цагаар үүрэг гүйцэтгэнэ.

 

3.2 Обьектын аюулгүй байдлыг хангах зорилгоор металл илрүүлэгч, гар цүнх шалгагч, рентген аппарат зэрэг тусгай тоног төхөөрөмжийг шалган нэвтрүүлэх хэсэгт ажиллуулна. Нэвтэрсэн иргэд, алба хаагч, ажиллагсдын гар тээшнээс сэжигтэй зүйл /жишээ нь: тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, согтууруулах ундааны зүйл, хуулиар хоргилсон ангийн мах г.м/ илэрвэл нэн даруй харьяалах даргад мэдэгдэж шийдвэрлүүлэх.

 

3.3 Обьектын аюулгүй байдлыг хангах зорилгоор байрны гадна болон дотор давхар бүрт теле хяналтын камер байрлуулах бөгөөд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд ерөнхий жижүүр нэн даруй харьяалах даргад мэдэгдэн шаардлагатай бол харьяаллын дагуу нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлж, тэмдэглэл үйлдэнэ.

 

3.4 Ерөнхий жижүүр болон дэг журам сахиулах цагдаа нь хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн тухай илтгэх хуудас бичиж, рапортын дэвтэр болон бусад баримтбичиг, байрны гадна, доторх нийтийн эзэмшлийн эд зүйл, өрөөнүүдийн лац, нөөц түлхүүрийн хайрцаг дахь түлхүүрүүд, бэлэн байдлын төлөвлөгөө, лацадсан дугтуй, нэг бүрийн тусгай хэрэгслүүдийг ажлын өдөр 08 цаг 00 минутад, амралтын өдөр 09 цаг 00 минутад хүлээлцэнэ.

 

3.5 Хоногийн ажлын илтгэх хуудсыг Ерөнхий жижүүр өглөө бүр бие бүрэлдэхүүнд танилцуулж, Дэмжлэг үзүүлэх ажил хариуцсан дэд дарга танилцан гарын үсэг зурж, дараагийн гарах жижүүрт үүрэг чиглэлийг өгнө.

 

3.6 Амралтын өдөр хоногоор ажилласан ерөнхий жижүүр нь нөхцөл байдлын мэдээг Дэмжлэг үзүүлэх ажил хариуцсан дэд даргад утсаар илтгэн танилцуулна.

 

3.7 Шалган нэвтрүүлэх 2 дугаар цэгээр хувийн тээврийн хэрэгслийг байгууллагын хашаанд нэвтрүүлэхийг хориглоно. Шаардлагатай тохиолдолд харьяа нэгжийн даргаас зөвшөөрөл авна.

 

3.8 Тухайн өдрийн ээлжийн Ерөнхий жижүүр нь Улаанбаатар хотын цагдаагийн газрын 1 дүгээр байранд цахилгааны  хязгаарлалт хийх, тасрах, гэмтэл гарах үед ажиллуулах дизель генераторын ажилласан мото цагийг бүртгэлийн дэвтэрт хөтөлж Санхүүгийн хэлтэст танилцуулна.

 

3.9 Генераторын түлш, тос, тосолгооны шүүр болон түлшний шүүгч элемент, дамжуулах ремен, агаар шүүгч, хөргөлтийн шингэн, фильтрийг зааврын дагуу хугацаанд нь сольж хэвийн ажиллах нөхцөлийг Санхүүгийн хэлтэс хариуцан ажиллана.

 

Дөрөв. Удирдлага, зохион байгуулалт,

дотоод хяналт

 

4.1. Байгууллагыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга удирдана.

 

4.2 Тус газрын даргын дэргэд зөвлөх эрхтэй удирдлагын зөвлөл ажиллах бөгөөд зөвлөл нь 7-10 хүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүдийн албан тушаалыг газрын даргын тушаалаар батална.

 

4.3. Удирдлагын тухайн шатанд ажиллаж байгаа дарга нь хариуцсан тодорхой үүрэг чиглэл, ажлын үр дүн, үйл ажиллагааны хэрэгжилтийг дээд шатны даргын өмнө хариуцна.

 

4.4. Байгууллагын даргын эзгүйд /ээлжийн амралттай, өвчтэй, чөлөөтэй, томилолтоор ажиллах хугацаанд/ түүний ажлыг Гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан дэд дарга түр орлон гүйцэтгэнэ. Өдөр тутмын үйл ажиллагааг Дэмжлэг үзүүлэх ажил хариуцсан дэд дарга хариуцна.

 

4.5. Хоёр долоо хоног тутамд 1 удаа тогтсон өдөр газар, хэлтэс, төвийн дарга нарын болон удирдлагын зөвлөлийн хурлыг хийж байна.

 

4.6. Зөвлөлийн хурлаар хийж гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, явцын талаар холбогдох дарга нарын мэдээллийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг товлоно.

 

4.7. Зөвлөлийн хурлыг зохион байгуулах хуваарийг жилийн эхний 1 дүгээр сард гарган баталж, Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс зохион байгуулна.

 

4.8. Зөвлөлийн хурлаар ярилцсан ажил, арга хэмжээ, өгсөн үүрэг даалгаврыг Хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн тэмдэглэж ажлын 3 хоног багтаан албажуулж, хуралдаанаас гарсан шийдвэрийг ажлын 5 хоногт багтаан гаргаж холбогдох нэгжүүдэд хүргүүлэн,хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

 

4.9. Долоо хоног бүрийн эхний өдрийн 10 цаг хүртэл газар, хэлтэс, төв, хэсэг бүр дотооддоо нэгдсэн зөвлөгөөн хийж, өнгөрсөн болон ирэх 7 хоногт хийсэн, хийхээр төлөвлөсөн ажлаа ярилцан газар хэлтэс, төв, хэсэг, алба хаагчдын ажлыг дүгнэнэ.

 

4.10. Шаардлагатай тохиолдолд газар, хэлтэс, төв, хэсгийн даргын товлож зарласан өдөр, цагт шуурхай зөвлөгөөн зохион байгуулж болно. Энэ үед тухайн хэлтсийн алба хаагчтай уулзах иргэдийг төв байранд нэвтрүүлэхгүй.

 

4.11. Дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс хэрэгжүүлж, газар, хэлтэс, төв, хэсгийн хувьд тэдгээрийн дарга нар тус тус хариуцан хэрэгжүүлнэ.

 

4.12. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас хожимдсон, тасалсан тохиолдолд цагийн бүртгэлийг үндэслэн алба хаагчийн цалинг 10 хүртэл хувиар бууруулах ба 2-оос дээш өдрийн ажил тасалсан тохиолдолд харьяа нэгжийн дарга, алба хаагчийг зөвлөлийн хурлаар хэлэлцэх санал оруулан сахилгын шийтгэл ногдуулна.

 

4.13. Ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан газар, хэлтэс, төв, хэсгийн даргын шийдвэрийг үндэслэн алба хаагчийг илүү цагаар ажиллуулж болох бөгөөд ажлын цаг ашиглалтын байдалд нэгжийн дарга нар хяналт тавьж, цаг ашиглалтын бүртгэл хөтөлнө.

 

            4.14. Алба хаагчид болон ажилчдаас илүү цагаар ажиллах шаардлагатай бол газар, хэлтэс, төвийн даргадаа танилцуулж, удирдах даргаас зөвшөөрсний үндсэн дээр ажиллана.

 

            4.15. Газар, хэлтэс, төв, хэсгийн хэмжээнд зохион байгуулах албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлыг 7 хоногийн “Пүрэв” гарагт батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөө, хуваарийн дагуу Хүний нөөц, сургалтын хэлтэс удирдан зохион байгуулна.

 

            4.16. Төв байранд харъяа байгууллагуудаас ёслол хүндэтгэлийн болон хурал, зөвлөгөөн, сургалт зэрэг нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн даргаас урьдчилан зөвшөөрөл авч, сургалт хариуцсан алба хаагчид мэдэгдэнэ. Хурлын зааланд үйл ажиллагаа явуулж байгаа нэгжийн алба хаагчид заалны түлхүүрийг бүртгэлд гарын үсэг зурж хүлээлцэх ба Хүний нөөц, сургалтын хэлтэс хяналт тавина.

 

4.17. Алба хаагч ээлжийн амралттайгаас бусад ажлын болон нийтээр амрах баяр ёслол, 7 хоногийн амралтын өдрүүдэд цагдаагийн хүрээнээс гадагш явах бол шууд удирдах даргадаа заавал мэдэгдэж зөвшөөрөл авна.

           

            4.18. Алба хаагч, ажиллагсдын ээлжийн амралтын хуваарийг тухайн жилийн 1 дүгээр сард багтаан газар, хэлтэс, төв, хэсгийн дарга нар батлах бөгөөд амралтын хугацааг Цагдаагийн албаны тухай болон Хөдөлмөрийн хуульд заасныг үндэслэн Хүний нөөц сургалтын хэлтэс тогтооно.

 

4.19. Ээлжийн амралтын хуудсыг Дэмжлэг үзүүлэх ажил хариуцсан дэд дарга /Хүний нөөцийн ажилтан/-аас олгон санхүүгийн албанд хүргүүлж, ээлжийн амралтын мөнгөн олговрыг бодуулж олгох бөгөөд хугацааг Хүний нөөц сургалтын хэлтэс хариуцан хяналт тавьж тухай бүр удирдлагад танилцуулна. 

 

4.20. Алба хаагчид жил бүр ээлжийн амралтыг биеэр эдлүүлнэ. Удирдлагын шийдвэрээр ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй алба хаагч, ажиллагсдын ажлын үр дүнг нь харгалзан жилийн эцэст мөнгөн урамшуулал олгож болно.

 

4.21. Алба хаагчийн ар гэр амьдралд тохиолдсон хүндэтгэн үзэх шалтгаан, гачигдлыг харгалзан чөлөө хүссэн алба хаагчид 14 хоног хүртэлх цалинтай, 1 сар хүртэлх цалингүй чөлөөг газар, хэлтэс, төв, хэсгийн даргын саналыг үндэслэн газрын дарга Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-933/-д заасны дагуу тушаалаар олгоно. Газар, хэлтэс, төвийн дарга нар алба хаагчид зөвхөн тухайн ажлын өдрийн чөлөөг олгож болно.

 

            4.22. Алба хаагч тухайн өдрийн ажлын цаг дууч ажлын байрнаас гарахдаа цахилгаан хэрэгслийг хэлхээнээс бүрэн салгаж, албаны сейф болон өрөөний хаалгаа цоожилж, лацдан жижүүрт хүлээлгэн өгнө.

 

4.23. Обьектын галын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын “Галын аюулгүй байдлыг хангах /код-125/”-ыг баримтална. 

 

4.24. Обьектын гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор гал гарах үед ажиллах схем, зураглалыг гаргах, байрны давхар бүрт гал унтраах хор, галын краныг бүрэн ажиллагаатай байлгах үүргийг Санхүүгийн хэлтсийн дарга,аж ахуйн нярав нар хариуцна. Галын аюулаас эд зүйл авран хамгаалах төлөвлөгөөг Нийтийн хэв журам хамгаалах газрын Онцгой байдал хариуцсан ахлах байцаагч боловсруулж, биелэлтэд нь хяналт тавина.

 

4.25. Албан тасалгаануудын түлхүүрийн нэг хувь жижүүрт хадгалагдана. Тухайн өрөөний алба хаагч байхгүй тохиолдолд өрөөг онгойлгох зайлшгүй шаардлага гарсан үед Ерөнхий жижүүрийн хяналт дор онгойлгон, цоожилж, лацдан аюулгүй байдлыг хангаж энэ тухай тэмдэглэл хөтөлнө.

 

4.26 Газрын нэгдүгээр байранд ерөнхий жижүүр болон дэг журам сахиулах цагдаа нарт Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс хяналт тавьж Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргад үйл ажиллагааны талаар сард 2 удаа танилцуулж, шаардлагатай бол нийт алба хаагчдад мэдээлнэ.

 

4.27. Төв байрны алба хаагчдыг албаны болон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллуулах, нүүлгэн шилжүүлэх, хамгаалалтын төлөвлөгөөг Нийтийн хэв журам хамгаалах асуудал эрхэлсэн дэд дарга баталж, нууцлан бэлэн байдлын зориулалт бүхий сейфэнд хадгална.

 

Тав. Газар, хэлтэс, төв, хэсгийн дарга,  алба хаагч,

ажиллагсдын эрх, хүлээхүүрэг

           

            5.1 Газар, хэлтэс, төв, хэсгийн дарга нар дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ.

 

            5.1.1 Цагдаагийн байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг үндэслэн алба хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг оновчтой тогтоож мөрдүүлнэ.

 

            5.1.2 Алба хаагчийг эрүүл ахуй, аюулгүй нөхцөлийг хангасан ажлын байр, бичгийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана.

           

            5.1.3 Алба хаагчийн ажилласан жил, ажлын үр дүн, цаашид тогтвор суурьшилтай ажиллах боломж бололцоог харгалзан мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

           

            5.1.4 Алба хаагч, ажиллагсдын цалин хөлсийг сард 2 удаа олгох бөгөөд нийтээр амрах баярын болон амралтын  өдөртэй давхацвал өмнөх ажлын өдөр нь олгоно.

           

            5.1.5 Ажлын бүтээмж, ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажлын байрны сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэрэг хөтлөлтийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавина.

           

            5.1.6 Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулна.

           

            5.1.7 Алба хаагчдын ажлыг сар, улирал, хагас, бүтэн жилээр дүгнэх, шагнал урамшуулал олгох, ажлын үр дүнтэй нь холбогдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх, нэмэгдэл хөнгөлөлт, нөхөн олговор олгох ажлыг Төрийн албаны болон Цагдаагийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журмын хүрээнд шийдвэрлэнэ.

 

5.1.8 Газар, хэлтэс, төв,тасаг, хэсгийн дарга нар хариуцсан алба хаагч, ажилтнуудаар дотоод дэг журмыг чанд сахиулж, албаны нууцыг хадгалах, хамгаалах, хариуцсан эд хөрөнгө, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрэн бүтэн байлгах үүрэг хүлээнэ.

 

            5.1.9 Газрын төв байрны дотоод журмыг боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдсон шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч байна.         

           

            5.2 Газар, хэлтэс, төв, тасаг, хэсгийн алба хаагчид дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ:

 

            5.2.1 Өргөсөн тангараг болон хууль тогтоомжийн дагуу цагдаагийн албан ажилд тавигдах зарчим, шаардлага, цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн болон энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг чанд сахиж мөрдлөг болгон ажиллана.

           

            5.2.2 Ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай, бүрэн биелүүлж, биелэлтийг тогтоосон хугацаанд нь танилцуулж, захирах, захирагдах ёсыг чанд баримтлан ажиллана.

 

            5.2.3 Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, санаачилга гаргаж, мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглана.

           

            5.2.4 Албан хэрэг, баримтбичгийг стандартын дагуу боловсруулж, нууцыг чандлан хадгалж, албан хэргийн материалыг архивт тогтоосон хугацаанд нь шилжүүлнэ.

           

            5.2.5 Ажлын байрны эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх үүрэг хүлээнэ. Архидан согтуурах, тамхины хор хөнөөлтэй тэмцэх талаар гарсан хууль, дүрэм, журмыг сахин биелүүлж, албан тасалгаанд овор ихтэй зүйл хадгалах, нууц баримт бичгийг ил задгай байлгах, өрөөг онгорхой орхихыг хориглоно.

 

5.2.6 Байгууллагын даргын зөвшөөрөлгүйгээр албан тасалгаанд шарах шүүгээ, хөргөгч, ус буцалгагч, сэнс, халаагуур, савласан ус хадгалах төхөөрөмж зэрэг ахуйн тоног төхөөрөмж байрлуулахыг хориглоно.

           

            5.2.7 Албан тасалгаанд гадны хүн удаан хугацаагаар байлгахгүй, ажлын цагаар үүрэгт ажилд холбогдолгүй үйл ажиллагаа явуулахгүй байх.

           

            5.2.8 Ажилдаа ирэх, буцахдаа цагаа бүртгүүлж байна. Ажлын цагийн дундуур гадууражлаар явахдаа газар, хэлтэс, төв, тасаг, хэсгийн дарга нартаа мэдэгдэж тогтмол холбоотой ажиллана.

 

5.2.9 Байгууллагаас тогтоосон дэг журмыг сахин биелүүлж, хариуцсан эд хөрөнгө, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ариг гамтай эдэлж хэрэглэхийн зэрэгцээ цэвэр, цэмцгэр, эмх цэгцтэй байдлыг хариуцна.

 

            5.2.10 Нийтийн хэв журам хамгаалах, эргүүл жижүүр, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх, шалган зааварлах ажил, сургуулилт, нэгдсэн сургалт, зөвлөгөөн, баяр, ёслолын арга хэмжээнд оролцох, жагсаалын үзлэг, буудлага, түргэн цугларалтад оролцохоос бусад үед ажлын байранд энгийн хувцастай үүрэг гүйцэтгэж болох ба хэв журам хамгаалах болон иргэдэд цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг шууд хүргэх үүрэг бүхий алба хаагчид ажлын байранд албаны дүрэмт хувцастай байна.

           

            5.2.11 Жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор тухайн жилд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг гарган, үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана.

           

            5.2.12 Гадаад, дотоодод томилолтоор ажилласан, сургалтад хамрагдсан тохиолдолд ирснээс хойш ажлын 5 хоногт багтаан илтгэх хуудас, танилцуулга бичиж, холбогдох албан тушаалтанд танилцуулна.

 

            5.2.13 Газар, хэлтэс, төв, тасаг, хэсгийн дарга болон алба хаагч нар өөрийн үйл ажиллагааны чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээг харьяа нэгжтэй хэрхэн хамтарч зохион байгуулах, цаашид анхаарч ажиллах асуудлын талаар мэдээлэл, зөвлөмж, зааварчилга бэлтгэж тухай бүр харьяа нэгжид хүргүүлж ажиллана.

           

5.2.14 Алба хаагчид өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр цагдаагийн байгууллагын хэмжээний тоо баримт, төсөв тооцоо бүхий санал, судалгаатай байх бөгөөд түүнийгээ байнга баяжуулж, нэгдсэн бодлого боловсруулах, шаардлагатай үед удирдлагыг хэрэгцээтэй мэдээллээр хангахад ашиглахын зэрэгцээ алба хаагчдыг сургаж, чадваржуулахад анхаарч ажиллана. 

           

            5.2.15 Цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэлээ ахиулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаа сайжруулах, техник хэрэгслээр хангуулах, гадаад, дотоодын сургалтад хамрагдахтай холбогдсон санал, хүсэлтээ шууд харьяалан удирдах даргаараа дамжуулан дээд шатны удирдах албан тушаалтанд танилцуулах эрх эдэлнэ.

           

            5.2.16 Өөрийн хувийн хэрэг болон үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээ,цалин хөлстэй холбоотой мэдээлэл зэрэгтэй танилцаж, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт баяжилт хийлгэж болно.

           

            5.2.17 Шууд харьяалан удирдах даргадаа мэдэгдэн зөвшөөрөл авсны үндсэн дээр албан ажлынхаа зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил эрхэлж болно.

           

            5.2.18 Алба хаагч нь Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай хууль болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасан баталгаагаар хангагдана.

  

Зургаа. Бусад асуудал

 

6.1 Улаанбаатар хотын цагдаагийн газар харьяа нэгжийн үйлчлэгч, бусад ажилтнууд нийтийн эзэмшлийн талбай, хурлын танхим, өрөө тасалгааны цэвэрлэгээ, үйлчилгээг ажлын өдөр 08.00-17.00 цагийн хооронд хийнэ. Бусад цагуудад тухайн алба хаагчийн хүсэлтээр цэвэрлэгээ үйлчилгээг хийж болно.

           

            6.2 Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах ажилтнууд тус газарт шинээр томилогдсон алба хаагчдад байгууллагын дотоод журам болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдолтой хууль тогтоомж, зарлиг, тогтоол, шийдвэр, журам, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, алба хаагч, ажиллагсдын эрх, үүрэг, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, албан тушаалын цалингийн сүлжээ ба нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллах нөхцөл, баталгаа  зэргийг тайлбарлан танилцуулж, мэдээллээр хангана.

           

            6.3 Ажлаас чөлөөлөгдөх, Цагдаагийн байгууллагаас тэтгвэрт гарах, халагдах буюу албан тушаал өөрчлөгдөж буй алба хаагч нь хариуцан гүйцэтгэж байсан албан ажлын холбогдолтой материал, баримт бичгийг цаас болон файл хэлбэрээр тухайн нэгж /газар, хэлтэс, төв, хэсэг/-ийн даргыг байлцуулан ажил хүлээн авахаар томилогдсон алба хаагчид /хэрвээ ажил хүлээн авах алба хаагч томилогдоогүй тохиолдолд тухайн нэгжийн даргад/ байгууллагаас олгон ашиглаж байсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, лацны тэмдэг, дүрэмт хувцас, чимэг хэрэгсэл болон бусад эд зүйлийг санхүү /нярав/-д, албан хэрэгцээнд ашиглаж байсан ном, сэтгүүлийг номын санд, албаны үнэмлэх, энгрийн тэмдгийг хүний нөөцийн ажилтанд тус тус хүлээлгэн өгчтэмдэглэл үйлднэ.

           

            6.4 Ажлаас чөлөөлөгдөх, өөр албанд шилжих, албанаас халагдаж буй алба хаагчийн тойрох хуудсыг хүний нөөцийн ажилтнаас өгч холбогдох албан тушаалтнуудаар бөглүүлэн, санхүүгийн тооцоог эцэслэн хийсний дараа түүнд ажлаас чөлөөлсөн, шилжүүлсэн, халагдсан тухай шийдвэр, хөдөлмөрийн ба нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг тус тус хүлээлгэн өгнө.

 

            6.5 Дотоод журамд газрын даргын тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд тэдгээр нь энэ журмын салшгүй хэсэг болно.

 

Долоо. Хүлээлгэх хариуцлага

 

            7.1 Төв байрны дотоод журмыг зөрчсөн удирдах дарга, алба хаагч, ажилтан, ажиллагсдад холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

            7.2 Энэ журамд тусгагдаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмаар зохицуулна.

 

           

 

 

 

 

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах