Сэтгэл зүйн Мэдээлэл   

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭСТ СЭТГЭЛ ЗҮЙЧИД БАГААР АЖИЛЛАЛАА

       Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн сэтгэл зүйчдийн баг нь 2017 оны 04 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд “Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёлыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн “Эрүүл цагдаа” арга хэмжээний хүрээнд тус хэлтсийн алба хаагчдад албаны болон хувийн амьдралдаа хандах хандлагыг эерэгжүүлэх, ажлын байрны стресс, түүнийг бууруулах чиглэлээр сэтгэл зүйн дэмжлэг, тусламж үзүүлж ажиллалаа.

Нэг. Сэтгэл зүйн сургалт, мэдээллийн чиглэлээр

      Алба хаагч өөрийнхөө сэтгэл зүйг тодорхойлох, сэтгэл санааны байдал, стрессийн сөрөг нөлөөллийг бууруулах, өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр тус цагдаагийн хэлтсийн нийт 51 алба хаагчид “Ажлын байран дах стресс түүний хоруу чанарыг бууруулах аргачлал”, “Эерэг сэтгэлгээ, хамтын хүч” сэдвээр 1 цагийн сургалт зохион байгуулсан. Сургалтын явцад олон талт сэтгэлгээг хөгжүүлэхийн ач холбогдол, хэрхэн ямар арга замаар сэтгэлгээг хөгжүүлж болох талаар мэдээллийг хүргэв.

Хоёр: Сэтгэл зүйн судалгаа, оношлогооны чиглэлээр 

      Тус хэлтсийн нийтийн хэв журмын хамгаалах чиглэлээр ажилладаг 7 алба хаагчаас “Логик сэтгэлгээ, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар”-ын түвшинг тогтоох цогц судалгааг авч, оношлогоо хийж, судалгааны дүнд үндэслэн цаашид зохион байгуулах ажлын санал боловсруулж,  дүнгийн танилцуулгыг хийв.

       Мөн тус хэлтсийн 7 алба хаагчаас сэтгэл зүйн шалтгаант асуудлыг оношлох бие хүний 16 хүчин зүйлийг тодруулах судалгааг авч, үр дүнд үндэслэн алба хаагч нэг бүрээр сэтгэл зүйн тодорхойлолт, зөвлөмж олголоо.

       Удирдах ажилтан болон алба хаагчдын үндсэн ажил үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгэхэд нэн шаардлагатай ажлын байрны орчин, нөхцөл, ажлын ачаалал, тэдгээрт хандах хандлага ямар байгаа эсэх, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд цаашид зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажиллах зүйтэй эсэх талаар нийт 14 дарга, ахлах нараас сэтгэл ханамжийн түвшинг тодруулах судалгааг авч, сэтгэл зүйн үнэлгээний нэгдсэн дүнг хэлтсийн даргад хүргүүлэв.

       Мөн 14 дарга, ахлахуудаас удирдах ажилтан бие хүний хувийн шинж, үйл ажиллагааны үр дүнгийн хамаарал нь хамт олон доторхи бие хүний байр, суурь, сонирхол, хамт олны гишүүдийн сонирхолтой тохирч байгаагаас хамаарч үнэлгээ өгөх замаар хандлагын түвшин, онцлогийг тодорхойлж, удирдах ажилтан тус бүрт хувьчилан танилцуулсан.

Гурав: Сэтгэл зүйн зөвлөгөө, заслын чиглэлээр

    Тус хэлтсийн бие бүрэлдэхүүнээс ажлын өндөр ачаалалтай ажиллаж буй тасаг, албадаас тусгайлан Эрүүгийн цагдаагийн тасаг 10, Жижүүрийн шуурхай алба 15, Эрүүлжүүлэх байрны болон машинт эргүүлийн 21, нийт 45 алба хаагчид тус бүрээр тусгайлан стресс бууруулах, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх бүлгийн сэтгэл засалыг зохион явуулж, санал сэтгэгдлийг сонсон, зөвлөмж өгч ажиллав. албадын 158 алба хаагчтай уулзаж, бүлгийн ярилцлага хийн зөвлөмж олгосон.

     Тухайн байгууллагын удирдлагын хүсэлтээр 7, өөрийн хүсэлтээр 2  алба хаачидтай ганцаарчлан уулзан санал сэтгэгдэлийг тодруулах ярилцлага хийж, тэдгээрээс гаргасан санал хүсэлт удирдлагад нь уламжилж, сэтгэл зүйн шалтгаант нөхцлийг судлан, тэдгээрт үүсэж буй бий болсон алба үүргийн болон гэр бүлийн харилцааны зөрчлийг хэрхэн шийдвэрлэх, нойргүйдэл, сөрөг зуршил, стресс, депрессийг даван туулах, өөрийгөө хөгжүүлэх, өөрчлөх зэрэг чиглэлээр сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг тодруулах ярилцлага хийж, сэтгэл зүйн зөвлөмж олгож ажилласан.  /Жич: Нийт 14 удирдах ажилтнуудаас авсан сэтгэл ханамжийн судалгааны дүн, дарга тус бүрийн хандлагын тодорхойлолт, нийтийн хэв журмын 7 алба хаагчаас авсан олон талт сэтгэлгээ, логик сэтгэхүй, сэтгэн бодох чадварын түвшин тогтоох сорилын дүн, 3 алба хаагчаас авсан бие хүний 16 хүчин зүйлийг тодруулах судалгааны дүнд үндэслэн сэтгэл зүйн тодорхойлолтыг бичиж хавсаргав. /

     Хэлтсийн удирдах ажилтнуудаас зорилтод асуулгаар авсан санал асуулгад дараах хариултыг өгсөн байна:

-   Дарга удирдах ажилтнууд маань өөрсдийнхөө ажлын нөхцөл байдлыг 71 хувь нь ажлын ачаалал их, ажлын нөхцөл тааруухан, бие даан өөрт оноогдсон ажил үүргээ гүйцэтгэх алба хаагчийн ажлын стресстэй ижил түвшинд байдаг гэж 50 хувьтай үздэг байна. Мөн дарга нарын 85,7 хувь нь өөртөө тохиолдох үүсэх сэтгэл санааны асуудал, стрессээ бууруулах чиглэлээр сэтгэл зүйчид хандаж байгаагүй, хандах шаардлагагүй гэж үздэг байна.

-   Судалгаанд хамрагдсан дарга нарын 92,8 хувь нь тус хэлтэст ажиллаж байгаа алба хаагчдын сэтгэл санааны байдлыг байнгын стресс дарамтын байдалд байдаг гэж үздэг ба алба хаагчдаа илүү бүтээлч, үр дүнтэй ажиллахад тухайн хувь хүн өөртөө болон хамт олондоо сайн түшиглэж ажиллах нь илүү чухал гэдгийг 86,6 хувь нь илэрхийлсэн. Дарга удирдах ажилтны зүгээс алба хаагчдаа хандан хүний сонсож, ойлгож сурах, багаар хамтран ажиллаж сурахад анхаарах чухлыг зөвлөдөг байна.

-   Удирдах ажилтнуудын 50 хувь нь алба хаагчтай ажилладаг дарга нар зарим талаар сэтгэл зүйч байдаг гэж үздэг ба дарга нарын алба хаагчидтай ажиллах арга барилдаа тэдгээрийн сонсох, урам өгөх, мэргэжлийн сэтгэл зүйчийн орон тоог хэлтэс бүрт бий болгож, хамтран ажиллах шаардлагатай байдаг талаар сэтгэгдлээ илэрхийлсэн.

-   Мөн алба хаагчийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, ажилдаа хандах хандлагын дээшлүүлэхэд ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, тэдгээрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг гүйцэтгүүлж, амралтыг цаг тухайд нь олгож байх, ажилласан ажлын бүтээмжид нь урамшууллыг олгох, нийгмийн асуудалд дорвитой анхаарах чухлыг дурьджээ.

-   Алба хаагчийн ажилдаа хандах хандлагыг эерэгээр өөрчлөхөд дарга хүний үлгэр дуурайлал, удирдах ажилтны харьцааны соёлтой байдал, алба хаагчдын ажлын ачааллыг хаана нь илүү өндөр, хаана нь доголдож байгааг олж харж чаддаг мэдрэмж, алба хаагчидтайгаа харьцахдаа дарга хүн өөрийн стрессийг зөв зохицуулж чаддаг байх зэрэг удирдлагын сэтгэл зүйн ур чадвараар үлгэрлэдэг байх хэрэгтэй зэрэг санал сэтгэгдлээ илэрхийлсэн байна. 

    Алба хаагчдаас өгсөн санал сэтгэгдэл, зорилтод санал асуулгын хуудсаар авсан санал, сэтгэгдэлд үндэслэн дараах ажлын САНАЛ дэвшүүлж байна.

Хоёр: Алба хаагчдын ажлын ачаалал харьцангуй өндөр байна. Гэхдээ сэтгэл зүйн хувьд авч үзвэл 1 ажилд төвлөрч, тодорхой хугацаанд өндөр ачаалалтай ажиллахаас илүүтэй өөр өөр төрлийн олон ажлыг 1 цаг хугацаанд гүйцэтгэх ажлын өндөр ачаалал нь алба хаагчдад сэтгэл зүйн хувьд тогтворгүй, тэнцвэргүй байдалд хүргэдэг. Үүнд:

-   Алба хаагчдад нэгэн цагт олон төрлийн гүйцэтгэх ажлын давхцалыг зөв хувиарлаж ажиллах сэтгэлгээ, цагийн менежментийн чиглэлээр сургалт орж, чадавхижуулах.

-   Алба хаагчийг албан тушаал дэвшүүлэхдээ тухайн албан тушаалд бие хүний сэтгэл зүйн онцлог, сэтгэлгээний хэв маяг илүү нийцтэй эсэх талаар судалж, албан тушаал, карьерын өсөх ур чадварын тестийг боловсруулах, авч хэвшүүлэх

-   Алба хаагчид ажлын байрны тодорхойлолт товч тодорхой байх, нэгэн жигд ачаалал нэмэгдүүлэх ажлыг гүйцэтгүүлэхэд анхаарч, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх.  

-  Ээлжийн ажил хийдэг алба хаагчдыг тогтсон амралтыг нь бүрэн эдлүүлэх тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй байна. Хүн хүчнийхээ байдлыг ачаалалтайгаа холбон судалж, орон тоогоо дахин нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн саналыг баримттайгаар шат шатны удирдлагуудад танилцуулах. Алба хаагчдын ажил амралтын цагийг зохих түвшинд зохицуулахгүй бол нь алба хаагчдын ажил, албандаа хандах хандлага болон  стрессийн үзүүлэлтийн сөрөг байдал дээшилж, сахилгын зөрчил, дутагдал ч нэмэгдэх үр дагавартай байна.

-   Алба хаагчдыг сэдэлжүүлэх үйл ажиллагаануудыг улирал бүр зохион байгуулбал үр дүнтэй байгаа нь энэ удаагийн үйл ажиллагаанаас харагдаж байсан. Ялангуяа алба хаагчдын ар талыг батлан дааж байдаг ар гэрийн гишүүдэд чиглэгдсэн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, урам дэм өгөх бага ч гэсэн үйл ажиллагаа нь санаснаас илүү үр дүн авчирдаг. Иймд цаашид алба хаагчдыг энэ төрлийн сэдэлжүүлэх үйл ажиллагаануудад тогтмол хамруулж, удирдах албан тушаалтнууд алба хаагчиддаа эерэг, зөв хандлагыг бий болгох мэдээлэл, хэлэлцүүлэгийг жилдээ 2-оос доошгүй удаа зохион байгуулж байх.

-   Тус хэлтсийн нийт 76 алба хаагч хамрагдсан үүнээс стрессийн түвшин тогтоох судалгаанд 55 алба хаагч нь хөнгөн зэргийн буюу өөрөө стрессээ тайлах боломжтой, 16 алба хаагч нь ажлаас үүсэлтэй стресстэй, 3 алба хаагч нь стрессийн түвшин өндөртэй байгаад сэтгэл зүйчид засалын ажлын зохион явуулсан. Гэхдээ сэтгэл зүйчид тогтмол хэлтэст ажил боломж хомс тул тухайн алба хаагч өөрийн сэтгэл зүйн онцлог болон бие организмд тохирсон стресс тайлах аргатай болох хэрэгтэй.

-  Мөн судалгаагаар логик сэтгэлгээ дундаж, сэтгэх бодох чадвар удаавтар, олон талт сэтгэлгээний түвшин сул түвшинд хэмжигдсэн байна. Нэгэн хэвийн хэвшмэл сэтгэлгээнээс салж, аливаа асуудалд логиктой хандах, хийсвэрлэн сэтгэх чадвараа хөгжүүлэх шаардлага хүн бүрт тулгардаг. Энэ нь алба хаагчдийн нэгэн төрлийн ажилд баригдмал, өдөр болгон давтагддаг ажил хийдэгээс шалтгаалан сэтгэхүйн процессийн үйл ажиллагаанд хэвшмэл байдалд хүргэх нөлөөтэй байдгийг анхааралдаа авах. Иймд сэтгэхүй, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх хөгжөөнт бодлого дасгалыг алба хаагчдийн дунд 14 хоногтоо 1-2 удаа явуулж хэвших нь ажлын бүтээмжийг, ур чадварыг нэмэгдүүлж, идэвхижүүлж өгнө.

-   Тухайн хэлтсийн онцлог нөхцлийг харгалзан сэтгэл зүйчийн орон тоог батлан ажиллуулах. Ажлын байрны стрессээс болж алба хаагчдын сэтгэл санаа тогтворгүй, аливаа асуудал уцаартай, хайнга хандах хоорондын харилцаа таарамжгүй, хамт олны уур амьсгал муу болох хандлага зэрэг алба хаагчдаас сахилга, ёс зүйн зөрчил гарах тохиолдолд тухай бүр сэтгэл зүйч ажиллуулж, шалтгаан нөхцлийг тодруулж, сэтгэл зүйн тусламж үзүүлж байх.

-    Цаашид цагдаагийн хэлтэс, тасгийн удирдлагуудын зүгээс алба хаагчидтайгаа илүү ойр, нягт уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байна. Алба хаагчийнхаа ар гэрийн нөхцөл байдлыг судлаж, лавлан асууж санаа тавьж буйгаа тодорхой үг, үйлдлээр таниулах шаардлага байна. Асуудлыг нь шийдвэрлэх бололцоогүй хэдий ч санаа тавьж байгаа байдал нь алба хаагчдад илүү эерэг сэтгэгдэл үлдээдэг байна. Иймд тэдгээрийн санал хүсэлтийг тодруулдаг, жилдээ нэг удаа хүлээн авч хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж байх нь зүйтэй хэмээн санал дэвшүүлж  ажиллалаа.

 

            

 Нийслэлийн цагдаагийн газрын,

Хүний нөөц, сургалтын хэлтсийн сэтгэл зүйчдийн баг

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах