Сэтгэл зүйн зөвөлгөө   

УДИРДЛАГЫН АРГА БАРИЛД ТУСГАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

      Жил бүр байгууллагад хийгдсэн судалгаагаар манай удирлагуудад захиран тушаах арга барил илүү давамгай оршоод ардчилсан арга барил учир дутагдалтай хэмээн дүгнэж байна. Бид босоо удирдлагын олон давуу талыг мэдэрч, үйл ажиллагаагаа хариуцлагатай, богино хугацаанд, үр дүнтэй гүйцэтгэж байгаа ч шүүмжлэлийг бас дагуулсаар байна. Удирдлагын нэг арга барил дангаар оршино гэж байдаггүй. Иймд ардчилсан буюу алба хаагчдаа сонссон, тэдний шинэ санал санаачлагыг дэмжин хэрэгжүүлэхэд чиглэсэн удирдлага алба хаагчийн харилцаа нэг төвшинд оршдог нөхцлийг одоо байгаагаасаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

      Алба хаагчдаас сүүлийн 5 жилийн хугацаанд авсан сэтгэл санааны судалгааны дүнгээс алба хаагчдаас эрхэлсэн ажил, албан тушаал нь сэтгэл ханамжгүй, удирдлагууд, хамт олон нь өөрчлөгдөх, ажлын ачааллын тэнцвэргүй байдал, хувь хүний сэтгэл зүйн шалтгаант асуудал зэргээс үүдэн алба хаагчдын сэтгэл санааны байдал тогтворгүй болж, хүлээлт, санаа зовинол, айдас, түгшүүртэй болох, сэтгэлээр унах гутрах нь ажиглагдаж байна. 

      Энэхүү сэтгэл санаа тогтворгүй байдлаас үүдэн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж чадахаа болих, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх, үүрэг даалгавраа дутуу эсхүл алдаатай гүйцэтгэх, ажил таслах, хоцрох, ажил хийдүүлэх, ажлын бүтээмж буурах, стресс, уур бухимдал нэмэгдэж зан байдал харилцаа өөрчлөгдөх, архи, тамхийг ихээр хэрэглэх зэрэг сөрөг үр дагаварууд гарч байна.

      Цаашид удирдах ажилтнуудын зүгээс алба хаагчдынхаа сэтгэл санааг тогтворжуулах, өөрсдөө ч зөв үлгэр дуурайлал үзүүлж тогтвортой, ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд анхаарч ажиллах нь зүйтэй байна.

       Иймд бид алба хаагчдын ар гэр, ахуй амьдрал, хувцасны хангалт, ажлын байрны орчин нөхцөл, ажлаа хийхэд хэрэгцээтэй хангамж зэрэг нийгмийн болон санхүүгийн асуудлуудтай хамт нэн чухлаар тавигдаж байдаг удирдлагын хэрэгжүүлвэл зохих алба хаагчдаа сэдэлжүүлэх, ажиллах урам зоригоор дэмжих замаар ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэхэд тусган хэрэгжүүлэх  зарим “ЗӨВЛӨМЖ” санал болгож байна.

-   Удирдлагууд алба хаагчдаасаа юуг хүсдэг вэ? Яг түүгээрээ л үлгэрлэх. Жишээ нь: Алба хаагчдын сэтгэл ханамжаар удирдлага биднийг сонсож, ойлгож, дэмждэг байгаасай, харилцааны соёлтой харьцдаг байгаасай гэж хүсдэг. Иргэд алба хаагчдаас яг үүнтэй адил зүйлийг хүсдэг. Энэ бүхний эхлэл нь удирдлага та өөрөө.

-   Алба хаагчаа хайрлаж, хамгаалж, дэмжиж байя. Хүний нэг чухал хэрэгцээ бол бусдаар хайрлуулж, хүндлүүлж байх. Энэ хэрэгцээ гэр бүлд нь эсвэл хамт олонд нь дутагдаад ирвэл алба хаагч ажлын бүтээмж, харилцааны соёл, хандлага нь хүртэл сөрөг болж эхэлнэ. Та үүнээс сэргийлж чадна.

-    “Алба хаагчидтайгаа хамтран суралцагч байгаач ээ” гэж олон алба хаагчид саналаа илэрхийлж байгааг анхаарах. Харин  боломжтой бол хамтран суралц. Энэ орон зай таны удирдах ажлаа хийхэд тань маш том нөөц болно. Нэг талаас алба хаагчдаа өөртөө татна нөгөө талаас тэднийг таньж мэднэ, бас мэдлэг давхар хуримтлуулна.

-    Та өөрийн байр суурийг алба хаагчдаасаа зааглан тусгаарлаж, хэт албархаг, хүйтэн хөндий харилцааг үүсгэхээс сэргийлэх. Энэ байдал нь хамт олон тань үгсэн нийлж таныг муулна, таныг байхгүй л бол ямар ч ажил явахгүй, зөвхөн таньд харагдаж л байхад болох хэмжээний шинэ санаа санаачлагагүй, утсан хүүхэлдэй мэт алба хаагчидтай болно.

-    Алба хаагчдад цалингийн хувь бууруулах арга хэмжээг ихэнх тохиодолд авч байгаа нь тухайн алба хаагчдад болон бусад хамт олонд зөрчил гаргахгүйгээр сайн ажиллах эерэг хөшүүрэг болохын оронд тогтсон ойлголт болсон байна. Зөрчил гаргасан алба хаагчид нь цалин хасна л биз гэсэн хандлагатай болдог. Иймээс албандаа хандах хандлагаа өөрчилж зөв шударгаар үр дүнтэй ажиллах сэдэл бий болгохын тулд сахилга, хариуцлагын арга хэмжээг алба хаагчийн сэтгэлгээнд нөлөөлөх нөлөөллийн олон хэлбэр бий болгон өөрчилж, үгэн урамшууллыг нэмэгдүүлэх хөшүүрэг зайлшгүй шаардлагатай байна.

-   Алба хаагчдынхаа амьдрал ахуй, гэр бүлийн байдал, амьдралын түвшинг нь судалж мэдэх, тэдэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх. Тухайлбал амьдралын түвшин харьцангуй сайн, өдөр тутам бухимдал багатай бол ядаргаа, стресст орох нь бага байдаг. Харин ажлын ачаалал их, санаа зовох зүйл ихтэй, санхүү, өр төлбөрийн асуудалтай , гэр бүлийн болон ойр дотны харилцаанд асуудалтай байх нь стресст орж, сэтгэлээр унах гутрах, өөртөө итгэх итгэлгүй болж, бүр цаашлаад амиа хорлох оролдлого хийх, амиа егүүтгэх ч байдалд ордогийг анхаарах нь чухал.

-   Шинэ орчин нөхцөлд, шинэ хамт олон бүрэлдэж байгаа буюу удирдлагууд нь хамт олон, хариуцан ажиллах алба хаагчдаа ойлгох, танин мэдэх зорилгоор хамт олныг бүрэлдүүлэх арга хэмжээ зохион байгуулах

-   Алба хаагчдынхаа ажил үүргийн хуваарийг тодорхой болгох, ачаалалыг тэнцвэржүүлэх ажлыг зохион байгуулан ажиллах  чухал.

         Алба хаагчдын ажлын ачаалал харьцангуй өндөр байна. Гэхдээ сэтгэл зүйн хувьд авч үзвэл 1 ажилд төвлөрч, тодорхой хугацаанд ачаалалтай ажиллаж буй алба хаагчаас илүүтэй олон ажлыг нэгэн зэрэг нэгж цаг хугацаанд гүйцэтгэх шаардлага бүхий ажлын өндөр ачаалал авч буй алба хаагчид нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй, тэнцвэргүй байдалтай хүргэдэг байна. Иймд ажлын байрны тодорхойлолтыг дахин нягтлан авч үзэж, алба хаагчиддаа нэгэн цагт олон төрлийн гүйцэтгэх ажлын давхцалыг тухай бүр дарга, удирдлага зөв хуваарилах, алба хаагч өөрийн хариуцсан ажлыг дэс дараалалд оруулж, эрэмблэх сэтгэлгээ, хувийн зохион байгуулалт, цагийн менежментийн чиглэлээр алба хаагчдаа чадавхжуулах.

-   Алба хаагчдынхаа сэтгэл санааны байдлыг тогтворжуулахын тулд удирдах ажилтны зүгээс зохион явуулж буй үйл ажиллагааныхаа талаар зөв мэдээллийг алба хаагчдад өгөх, соён гэгээрүүлэх яриа хийх, сургалт, дасгалыг тогтмол зохион байгуулж хэвших.

-   Хамт олныхоо санал бодлыг сонсож хүлээж авах, зарим нэгэнтэй нь ганцаарчлан уулзаж, тэдгээрээс гаргасан санал сэтгэгдлийн дагуу ажил зохион байгуулах, үр дүнг эргээд алба хаагчиддаа тайлагнах чухал. Энэ нь нэг талаас алба хаагчид ямар үр дүнд хүрсэн эс хүрсэн эсэх тухай хариугаа хүлээж байдаг нөгөө талаас дараа дараагийн шинэ санал санаачилга гаргахдаа итгэл үнэмшилтэй хандах хандлагыг төрүүлнэ.

-  Сэтгэл зүйчтэй хамтран тодорхой төлөвлөгөө гаргаж ажиллах эсхүл мэргэжлийн байгууллагуудтай хамтран сэтгэл санааны байдал тогтворгүй, сэтгэл гутралтай, стресс ихтэй, зан байдлын өөрчлөлтөд орсон алба хаагчдыг судлан оношлож, нийгэм сэтгэл зүйн үйл ажиллагааг зохион байгуулах.

 

СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН БАГ

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах