Сэтгэл зүйн зөвөлгөө   

ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ

     Хүн алдаанаас айхгүйг хичээдэг. Гэвч алдаа үргэлж биднийг дагадаг. Ой ухаанд хамгийн тодоор үлдэж, гүн сэтгэгдэл үлдээдэг зүйл бол алдаа. Тийм алдаа гаргаж хүнд байдалд орсон бол өөрийгөө удирдаж, маш түргэн үүнээс салах хэрэгтэй. Үүний тулд танд бяцхан зөвлөгөө шивнэе.

1.   Сонголтыг зөвхөн та л хийнэ, ажил амьдралын цагийг хэрхэн зохион байгуулах нь таны сонголт хэдий ч цагаа САЙН ТӨЛӨВЛӨ, ажил амьдралаа зохион байгуулах насанд хүрсэн гэдгээ байнга сана.

2.   Бодит байдлыг өөрчилж чадахгүй бол түүнд хандах хандлагаа өөрчил: Хандлагаа өөрчлөх нь өөрийгөө “шинэчлэх” алхмын суурь болдог. Өөрчлөлт шинэчлэлтийг хийх үед таны толгойд үйлдлийг тань зогсоох эсвэл буруушаах гэсэн маш олон гадны нөлөө бодлууд орж ирнэ. Энэ үед та хийх зүйлээ мэдэж байгаа бол өөртөө итгэлтэйгээр хэрэггүй бодлуудаасаа өөрийгөө чөлөөлж, зогсоож ЧАДНА.

3.   Өнгөрсөнийг өөрчилж болохгүй ч түүний талаарх бодлоо өөрчлөх боломжтой гэдгийг санаарай. Үүнд итгэлтэй байхын тулд өөртөө УРАМ ХАЙРЛА.

4.   Юуны өмнө таны сэтгэлгээний үйл явц, бодол санаа хэр зэрэг эмх цэгцтэй, тодорхой байна вэ гэдгийг тодруулах чухал. Ихэнх хүмүүс өөрийн эмх цэгцгүй бодлоос болж, өөрийн сөрөг мэдрэмж, сэтгэлийн сөрөг хөдлөл, шунал тачаал, муу дадал зуршил, ятгалга, хартай сэжигч зандаа автах нь олонтоо. Үүнээс болж бодит амьдрал дээр бэдэрч, төөрч будилж байдаг. Иймээс та өөртөө ДҮГНЭЛТ ХИЙ.

5.   Эхлэл бол өөрчлөлтийн үндэс: Өөрчлөлтийн үр дүнг хэн нэгэн бус үйлдэж буй хүн өөрөө л амсдаг учир АЧ ХОЛБОГДОЛТОЙ ХАНДААРАЙ.

6.   Маргааш бүхнийг шинэ өнцгөөс хар. Шинэ өдөр, шинэ боломж олдож байна. Өөрийгөө хэн болохыг ДАХИН ХАРУУЛААД ӨГ.

7.  “Асуудал бол бэлэг”: Асуудлыг хэрхэн хүлээн авч үнэлж, үр дүнд хүргэх нь таниас шалтгаалдаг. Иймээс одоог хүртэл туулсан амьдрал тань алдаа оноо дүүрэн, сайхан муухай түүхтэй таны амьдрал. Өнгөрсөн үеийг мартах эсвэл үгүйсгэх нь алдаанд хүргэнэ. Тиймээс ирээдүйг илүү өнгөлөг, амтлаг, шинэлэг зүйлээр дүүрэн өнгөрүүлэхэд өөртөө САНАА ТАВЬ.

8.    ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭТЭЙ БАЙ:

-    Өөдрөг байхад суралц

-    Алдсан алдааг сургамж, туршлага болгон үлдээ,бүү зууралд

-    Төлөвлөгөөтэй байх чухал. Тэр төлөвлөгөөгөө жил, сар, өдрөөр гаргаж чадвал танд зорилго бий болно.

-    Байнга хийдэг зүйлээ болон түр хугацааны үйл ажиллагаагаа ялган төлөвлө.

9.  ӨНГӨРСӨН БОЛ СУРГАМЖ, ӨНӨӨДӨР БОЛ БОЛОМЖ, ИРЭЭДҮЙ БОЛ БЭЛЭГ: Таны амьдралын хамгийн гол чухал өөрчлөлт, боломжууд өнгөрсөнд үлдэж хоцроогүй, таны өмнө байна. Энэ бол таны амьдралаас танд илгээж буй бэлэг боловч таны өөрийн хүч чармайлт, итгэл дээр тулгуурлан бий болдог гэдгийг санаж, дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг хичээгээрэй.

 

 Сэтгэл зүйчдийн баг

 

 

 

 

 

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах