Сэтгэл зүйн Мэдээлэл   

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭСТ СЭТГЭЛ ЗҮЙЧИД БАГААР АЖИЛЛАЛАА

     Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн сэтгэл зүйчдийн баг нь 2017 оны 06 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд “Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёлыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн “Эрүүл цагдаа” арга хэмжээний хүрээнд тус хэлтсийн алба хаагчдад албаны болон хувийн амьдралдаа хандах хандлагыг эерэгжүүлэх, ажлын байрны стресс, түүнийг бууруулах чиглэлээр сэтгэл зүйн дэмжлэг, тусламж үзүүлж ажиллалаа.

 Нэг. Сэтгэл зүйн сургалт, мэдээллийн чиглэлээр

     Тус хэлтсийн сэтгэл санааны байдлаас үүсэлтэй сахилга ёс зүйд нөлөөлөхүйц ажлын өндөр стресстэй, ажлын ачаалалтай алба хаагчдыг сонгон авч, сэтгэл заслын ажлын тусгайлан зохион байгууллаа. Үүнд: Алба хаагч өөрийнхөө сэтгэл зүйг тодорхойлох, сэтгэл санааны байдал, стрессийн сөрөг нөлөөллийг бууруулах, өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр тус цагдаагийн хэлтсийн нийт 35 алба хаагчид “Ажлын байран дах стресс түүний хоруу чанарыг бууруулах аргачлал”, “Эерэг сэтгэлгээ, хамтын хүч” сэдвээр 1 цагийн сэтгэл зүйн мэдээлэл, сэтгэл заслыг зохион байгуулсан. Сургалтын дундуур алба хаагчдыг бүлгийн сэтгэл засал болох тайвшруулах, идэвхжүүлэх трейнинг, стресс тайлах физиологийн дасгал ажиллуулсан байна.

 Хоёр: Сэтгэл зүйн судалгаа, оношлогооны чиглэлээр 

     Тус хэлтсээс сахилга ёс зүйн зөрчил гаргасан 13 алба хаагчаас бие хүний 16 хүчин зүйлийг тодруулах судалгааг авч, үр дүнд үндэслэн алба хаагч нэг бүрээр сэтгэл зүйн тодорхойлолт, зөвлөмжийг олгов.

    Тус хэлтсийн 13 алба хаагчаас стрессийн судалгааг авч, судалгааны дүнд үндэслэн, алба хаагчиддаа таниулж мэдээлэх зөвлөмжийг бичиж, оношлогооны дүнгийн танилцуулгыг хамт хүргүүллээ.

     Удирдах ажилтан болон алба хаагчдын үндсэн ажил үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгэхэд нэн шаардлагатай ажлын байрны орчин, нөхцөл, ажлын ачаалал, тэдгээрт хандах хандлага ямар байгаа эсэх, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд цаашид зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажиллах зүйтэй эсэх талаар нийт 3 дарга, ахлах нараас сэтгэл ханамжийн түвшинг тодруулах судалгааг авч, сэтгэл зүйн үнэлгээ, тодорхойлолт бичсэн.

     Мөн 3 тасгийн даргаас удирдах ажилтан бие хүний хувийн шинж, үйл ажиллагааны үр дүнгийн хамаарал нь хамт олон доторх бие хүний байр, суурь, сонирхол, хамт олны гишүүдийн сонирхолтой тохирч байгаагаас хамаарч үнэлгээ өгөх замаар хандлагын түвшин, онцлогийг дарга тус бүрээр тодорхойлж, “Удирдлагын сэтгэл зүй” сэдвээр зайны сургалтаар удирдах ажилтнуудад хэрэгцээт мэдээлэл олгох зорилгоор тасгийн дарга нарт мэдээлэл бэлтгэн, цагдаагийн байгууллагын дотоод цахим сүлжээгээр хувьчлан хүргүүлж ажилласан.

 Гурав: Сэтгэл зүйн зөвлөгөө, заслын чиглэлээр

     Тус хэлтсийн удирдлагын болон алба хаагчийн өөрийн хүсэлтээр нийт 6 алба хаагчтай биечлэн уулзаж, ганцаарчлан ярилцлагаар алба хаагчийн гаргасан зөрчил дутагдал дах сэтгэл зүйн шалтгаант нөхцлийг судлан, сэтгэц оношлогоо хийж, тэдгээрт үүсэж буй бий болсон алба үүргийн болон гэр бүлийн харилцааны зөрчлийг хэрхэн шийдвэрлэх, нойргүйдэл, сөрөг зуршил, стресс, депрессийг даван туулах арга замын талаар сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудад зөвлөгөө өгч, ажилласан.

/Жич: Нийт 3 удирдах ажилтнуудаас авсан сэтгэл ханамжийн судалгааны дүн, 3 тасгийн дарга тус бүрийн хандлагын тодорхойлолт, 13 алба хаагчаас авсан бие хүний 16 хүчин зүйлийг тодруулах судалгааны дүнд үндэслэн сэтгэл зүйн тодорхойлолтыг бичиж хавсаргав. /

    Хэлтсийн удирдах ажилтнуудаас зорилтод асуулгаар авсан санал асуулгад дараах хариултыг өгсөн байна:

-   Дарга удирдах ажилтнууд маань өөрсдийнхөө ажлын нөхцөл байдлыг 66.7 хувь нь ажлын ачаалал их, ажлын нөхцөл тааруухан гэж сонгосон бол даргын ажил нь бие даан өөрт оноогдсон ажил үүргээ гүйцэтгэх алба хаагчийн ажлаас илүү стресстэй байдаг гэж 100 хувь нь үздэг байна. Мөн дарга нарын 66.7 хувь нь өөртөө тохиолдох үүсэх сэтгэл санааны асуудал, стрессээ бууруулах чиглэлээр сэтгэл зүйчид хандсан гэж хариулсан.

-   Судалгаанд хамрагдсан дарга нарын 80 хувь нь тус хэлтэст ажиллаж байгаа алба хаагчдын сэтгэл санааны байдлыг заримдаа бухимдуу ч тогтвортой талдаа гэж үздэг ба алба хаагчдаа илүү бүтээлч, үр дүнтэй ажиллахад тухайн баг, хамт олондоо найдах гэдгийг 70 хувь нь илэрхийлсэн. Дарга удирдах ажилтны зүгээс алба хаагчдаа хандан хүний сонсож, ойлгож сурахад, багаар ажиллаж сурах, тэвчээртэй байхад анхаарах чухлыг зөвлөдөг байна.

-   Удирдах ажилтнуудын 66,7 хувь нь алба хаагчтай ажилладаг дарга нар зарим талаар сэтгэл зүйчийн үүргийг гүйцэтгэж байдаг гэж үздэг ба дарга нарын алба хаагчидтай ажиллах арга барилдаа алба хаагчийнхаа авир араншинд тохируулан харьцдаг талаар сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг.

-   Мөн алба хаагчийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, ажилдаа хандах хандлагын дээшлүүлэхэд ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, ажиллах орчинг сайжруулах, гүйцэтгэх чиглэлийн алба хаагчийн эрх зүйн хамгаалалтыг дээшлүүлэх, хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх арга хэмжээ зохион байгуулах, нийгмийн асуудалд анхаарах чухлыг дурьджээ.

-   Алба хаагчийн ажилдаа хандах хандлагыг эерэгээр өөрчлөхөд дарга хүний үлгэр дуурайлал, удирдах ажилтны харьцааны соёлтой байдал, алба хаагчдын ажлын ачааллыг хаана нь илүү өндөр, хаана нь доголдож байгааг олж харж чаддаг мэдрэмж, алба хаагчидтайгаа харьцахдаа дарга хүн өөрийн стрессийг зөв зохицуулж чаддаг байх зэрэг удирдлагын сэтгэл зүйн ур чадвар дутагдаж байгаа талаар санал сэтгэгдлээ илэрхийлсэн байна. 

ДҮГНЭЛТ

Нэг: Ээлжийн ажил үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг тогтсон амралтыг нь бүрэн эдлүүлэх тал дээр түлхүү анхаарч, ажил амралтын цагийг зохих түвшинд зохицуулахгүй бол алба хаагчдын ажил, албандаа хандах хандлага болон  стрессийн сөрөг үзүүлэлт өсөх, сахилгын зөрчил, дутагдал ч нэмэгдэх үр дагавартай байна.

Хоёр: Алба хаагчид ажлын байрны стресс, өөрсдийн хувийн зохион байгуулалт сулаас сэтгэл санаа тогтворгүй, сандрангуй, аливаа асуудалд уцаартай, хайнга хандах, хоорондын харилцаа таарамжгүй, аливаад асуудалд чин сэтгэлээсээ хандалгүй хэлбэр төдий хандах хандлага ажиглагдаж байна.

Гурав: Ээлжийн ажилтай болон хэв журмын алба хаагчдын ажлын ачаалал харьцангуй өндөр байна. Үүнээс үүдэлтэй ажлын өндөр ачаалал авч буй алба хаагчдад гэр бүлдээ тавих анхаарал багасах, хэрүүл маргаан элбэгших, алба хаагчийн сэтгэл зүй тогтворгүй, тэнцвэргүй байдалд хүргэж байна.

Дээрх алба хаагчдын дунд зохион байгуулсан ажлын дүгнэлтэд үндэслэн дараах хамтран ажиллах талаар САНАЛ хүргүүлж байна. Үүнд:

-   Хэлтсийн удирдах ажилтнуудын зүгээс алба хаагчдынхаа алдаа дутагдлыг засаж залруулах, ажилд нь зааварчлан чиглүүлэхдээ тухайн алба хаагчийн зан чанарын болон ур чадварын давуу талыг чухалчлах замаар алба хаагчийнхаа сул талыг эерэгээр илааршуулах, ажлыг бодитоор үнэлж дүгнэж, цаг үед нь тохирсон сайшаал, магтаал, урмын үг хэлдэг байх.

-   Алба хаагчид нэгэн цагт олон төрлийн гүйцэтгэх ажлын давхцалыг тухайн дарга, удирдлага зөв хуваарилах, түүнчлэн алба хаагч өөрийн хариуцсан ажлыг дэс дараалалд оруулж, эрэмбэлэх сэтгэлгээ, хувийн зохион байгуулалт, цагийн менежментийн чиглэлээр сургалт оруулж алба хаагчдыг чадавхжуулах.

-   Алба хаагч нь өөрийн сэтгэл зүйн онцлог болон бие организмд тохирсон стресс тайлах аргатай байх чухал тул сэтгэл зүйчийн зүгээс улирал бүр зөвлөмж мэдээлэл боловсруулан хүргүүлж байх. 

-   Алба хаагч алдаа дутагдал гаргасан тохиолдолд хариуцсан дарга нь албаны шалгалт явуулж, үр дүнг тухайн байгууллагын даргын зөвлөлийн хуралд танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл арга барилыг өөрчилж, тухайн алба хаагчийн зөрчилд албаны шалгалт явуулах явцад хэлтэс хариуцсан сэтгэл зүйчээр алба хаагчийн зөрчил дутагдал гаргасан асуудалд сэтгэл зүйн шалтгаан байгаа эсэхийг илрүүлэх, сэтгэц оношлогоо хийж, тодорхойлолт гаргуулж, газар, хэлтсийн даргын зөвлөлд танилцуулж хэвших.

-   Улирал бүр давтамжтай мэдээлэл сургалт, зөвлөмж, трейнинг /дасгал/, заслын үйл ажиллагааг удирдах ажилтан тухай бүр сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага /ТББ/-тай хамтран ажиллах, холбон зуучлах ажлыг хийж хэвших. 

-  Алба хаагчдын ажилдаа хандахад хандлагыг идэвхжүүлэх, сэдэлжүүлэх зорилгоор үйл ажиллагааг улирал бүр зохион байгуулж байвал үр дүнтэй байна. Ялангуяа алба хаагчдын гэр бүлийн гишүүдэд чиглэгдсэн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, урам дэм өгөх бага ч гэсэн үйл ажиллагаа нь санаснаас илүү үр дүн авчирдаг тул тул энэ төрлийн үйл ажиллагаануудыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн санал дэвшүүлж  ажиллалаа.

 

 Нийслэлийн цагдаагийн газрын,

  Хүний нөөц, сургалтын хэлтсийн сэтгэл зүйчдийн баг

 

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах