Мэдээлэл   

-Шөнийн сурвалжилга-

-Шөнийн сурвалжилга- 

Сонгинохайрхан дүүргийн гудамж, талбай эл хуль, амар тайван. Гэвч цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага үл тасарна. Харилцуурын цаанаас ихэвчлэн сандарсан, айж мэгдсэн, уйлсан дуу хоолой сонсогдоно. Харин түүний цаана орилж, хашхирсан, уурлаж загнах чимээ тодхон. Тиймээс дуудлага өгч буй хүмүүс яаруу, сандруу хаягаа хэлээд таслах аж.  Цэнхэр, улаан өнгийн дохио анивчуулсан цагдаагийн машин зогсолтгүй давхина. 

Бид энэ сарын 5-6-нд шилжих шөнө “Эмзэг цэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн хошууч Б.Батцоож, дэд ахлагч Б.Бадарчин, ахлах ахлагч Б.Өлзийбадрах нарын гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын дагуу хэрхэн ажиллаж байгааг сурвалжиллаа.

“Аавыг эрүүл болохоор нь явуулаарай”

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтэст “Аав агсам тавиад, ээжийг зодоод байна” гэсэн дуудлага 23:25 цагт ирэв. Дуудлагын дагуу “Зээлийн 24” гэх гудамжинд ирэхэд .... тоот хашааны үүдэнд уйлж зогссон зургаа орчим настай хүү нулимсаа арчсаар угтан гүйв.  Хүү цагдаад дуудлага өгөхөөр хөл нүцгэн гарч ирсэн бөгөөд ээжид нь гар хүрэх ааваасаа айн гэртээ эргэж орж үл чадна. Тиймээс ч хамаг бие нь хүйт дааж, гар нь бээрч, хөлдөхийн наагуур болжээ. Ээж, аавынхаа өвөрт эрхэлж, тоглох насандаа жаал хүү харин харгис эцгийнхээ хүчирхийллийг харан өсөж, хүмүүжиж байна. Хүүд цагдаагийн машин, цагдаа нар авралын гэрэл аж. Хүү “Ах аа хурдлаарай, ээжийг зодоод байна” гэсээр биднийг хөтлөх шахам гэр рүүгээ оров. Тэдний үүдээр ормогц шалаар нь чанасан толгой, гэдэс зэрэг хөглөрнө. Агсам тавьсан С хамаг зүйлээ авч шидсэн бололтой. Энд ч хагархай аяга, тэнд ч эвдэрсэн сувинер хэвтэнэ. Харин эхнэр нь толгойгоо барин уйлж суух аж. Цагдаагийн алба хаагч “Та яагаад гэр орныхоо амгалан тайван байдлыг алдагдуулж, хүүхдээ айлгаад байдаг юм бэ” хэмээн асуухад согтуу С “Уучлаарай, миний буруу. Та нар одоо яв, яв. Ах нь амарлаа” гэв. Тэрбээр өнжөөд нэг архи уудаг бөгөөд уух бүртээ агсамнаж, гэр орноо сүйдэлдэг гэнэ. Дуудлагаар ирсэн даруйдаа цагдаагийн хошууч Б.Батцоож хохирогчоос байцаалт авч, аюулын зэргийн үнэлгээ хийв. Тэрбээр “Та өмнө нь манайд дуудлага өгч байсан уу. С гуайн архины хамаарал нь ямар вэ. Өөрөөр хэлбэл, уух давтамж нь ямар байдаг вэ. Архи уух тоолондоо ингэж агсам тавьдаг уу. Одоо таны биеийн байдал ямар байна, зовиур бий юү” хэмээн байцаалтаа эхлэв. Саяхан гар нь чичирч, нөхрийнхөө өөдөөс эгцэлж харж чадахгүй байсан хохирогч эмэгтэй тайвширч “Ер нь уухаараа адайр ааштай. Ихэнхдээ аргадаж унтуулдаг юм. Хэр барагтай арганд орохгүй ээ, эмнэг адуу шиг цомноод л байна. Бүр болохгүй үед нь дуудлага өгдөг юм. Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр ял авч, хэцүү нэртэд сууж байгаад ирсэн хүн шүү дээ. Тэгээд ч ухаарахгүй юм. Уг нь тэнд н өдөр болгон сургалт, лекц явдаг юм билээ. Манай нөхөр цагдаад өгсний маргааш гэртээ ирээд “Хань нь ойлгосон. Өнөөдрөөс ахиж уухгүй” гэдэг. Эмэгтэй хүн итгэмтгий, гэнэн амьтан даа. Ашгүй дээ гэж бодоод ажилдаа явна. Орой ирэхэд “Чи муу намайг яахаараа цагдаад өгдөг юм” гээд л согтуу сууж байна. Эгч нь саяхан тархины хагалгаанд орсон. Ийм байгааг минь мэдсээр байж архи ууж, агсам тавиад байлгахгүй юм” гэж хэлээд уйлав. Түүний хэлсэн бүхний үг үлдээлгүй тэмдэглэж суусан хошууч Б.Батцоож “За, та тайван бай. Нууж хаах зүйлгүй, таны юм уу хүүхдийнхээ биед халдаж, гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулах бүрт манайд дуудлага өгч бай. Ингэж байж бид гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж чадна. Та ийшээ суугаад халуун цай уучих” хэмээн аргадаж байв. Тэрбээр хохирогчийг хэрхэн тайтгаруулах, яаж аргадахаа маш сайн мэдэх аж. Иргэн С архи уугаагүй үедээ тайван дөлгөөн, зан ааш сайхантай гэнэ. Эхнэр нь архины эмчилгээнд явахыг хэд хэдэн удаа санал болгоод дийлээгүй байна. Архины эмчилгээнд иргэн сайн дураараа явж болдог бөгөөд мөн цагдаагийн байгууллага албадан эмчилгээнд явуулах боломжтой. Б.Батцоож бүх зүйл цоожтой хаалганы цаана үйлдэгддэг учир дуудлага мэдээллээс зайлсхийхгүй байхыг хохирогчид сануулж Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Хүүхэд хамгааллын хуулийн хүрээнд зөвлөгөө өгөв. Иргэн С-ыг эрүүлжүүлэх байр руу авч явахаар болоход тэрбээр эсэргүүцэл үзүүлж, цагдаа нарын нэгийг цохиж, зугтахаар оролдов. Энэ үед дэд ахлагч Б.Бадарчин “Та 50 гарсан хүн байж намбатай бай. Бидэнтэй хамт яв” гээд машин руу өргөөд явчихав. Бидний араас цагдаад дуудлага өгсөн, зургаан настай хүү “Аавыг эрүүл болохоор нь явуулаарай, дахиад ээжийг зодно шүү” хэмээн цахиртсан хоолойгоор хашхирсаар үлдэв. 

Ширээ дүүрэн архи, пивоны шил өрсөн караокены согтуу эзэн “ажиллаагүй” хэмээн мэлзэв  

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн дагуу иргэн С-ыг  эрүүлжүүлэх байр руу авч явах замд дэд ахлагч Б.Бадарчин “Хошууч аа, Уянгаар ороод гарах уу” гэв. Тогтмол хяналтад байдаг Уянга нэртэй, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйн тухай ярьж байна хэмээн таамаглаж явлаа. Гэтэл “Уянга night & karaoke” гэсэн шар байшингийн гадаа зогсов. Өнгөрсөн сарын 26-нд Нийслэлийн онцгой комисс хуралдаж баар, фитнесс, цанын бааз, иогийн клуб, караоке, саун, дэн буудал, сүм хийдийн үйл ажиллагаа,  амралтын газруудыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хаасан. Гэтэл тус караоке нь дээрх шийдвэрийг зөрчиж, нууцаар ажиллаж байв. Уг мэдээллийг тус хэлтсийн алба хаагч өгсөн гэнэ. Тэрбээр “Уянга караоке нууцаар ажиллаж байна. Хүмүүс нь дөнгөж гарсан байдалтай, эзэн нь гэх хоёр согтуу эрэгтэй хүн дотор нь байна” гэж мэдээлэл дамжуулжээ. Уянга караоке гадагшаа харсан хяналтын камертай бөгөөд биднийг ирэхэд бүх гэрлээ унтраасан юм. Энэ үед ахлах ахлагч Б.Өлзийбадрах “Камертаа харчих шиг боллоо. Машинаа нууж тавьдаг байж” гэж хэлээд хаалгаа тайлахыг шаардан, чанга тогшив. Хорь гаруй минут нүдээд хаалгаа нээгээгүй учир цагдаагийн алба хаагчид урд талын хашаагаар орж, цонхыг нь тогшлоо. Хэн нэгэн цонх нээж “Хэн бэ, унтаж, амарч байна” хэмээн ууртай хэлэв. Цагдаагийн алба хаагч “Та хаалгаа нээ” хэмээн шаардлага тавихад “Чи хэн юм. Цаашаа бай, наад хөшиг битгий унагачих. Оролдоод байх юм, энэ чинь миний хувийн өмч. Хийх юм аа олж ядсан дүрэмт хувцасны гол вэ” хэмээн элдвээр хэлэх аж. Тус караоке баруун, зүүн хоёр талдаа хаалгатай учир цагдаагийн алба хаагчид хоёр талд нь хаалга нээлгэхээр оролдов. Гэтэл баруун үүдэнд гуйвж, дайвсан хоёр эмэгтэй ирж, хаалга тогшсоор “Г.... ахаа, бид хоёр ирчихлээ” гэв. Гуч орчим минут огт хариу өгөлгүй, бүгсэн караокены эзэн гэх согтуу залуу гэнэдэж, хаалгаа нээх нь тэр. Тэр даруй цагдаа нар даган оров. Хууль зөрчигчдийн “Хувийн өмчийг хуулиар хамгаалдаг, та нарт зөвшөөрөлгүй орох эрх байхгүй” гэсэн хийрхэл дунд цагдаагийн алба хаагчид багагүй цаг алддаг аж. Магадгүй хоромхон мэт боловч энэ цаг хугацаанд хэчнээн хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж айдас дүүрэн чичирч суугаа бол. Биднийг ороход жижиг өрөөнүүд караокены төхөөрөмжөө унтраагаагүй, ширээн дээгүүр нь архи, пивоны шил өрчихсөн байв. Таван жижиг өрөө, нэг том танхимтай тус караокены хоёр өрөө нь үйлчлүүлэгчидтэй байсан юм. Хаалгаа тайлж өгөөгүй 30 гаруй насны залуу “Та нар надад яаж шаардлага тавиад байгаа юм. Монголын цагдаа иргэдээ хамгаалах ёстой биз дээ. Ингээд хар шөнөөр бариад явчихдаг юм уу. Эхлээд хүнтэй зөв харьцаж сур, мал минь” гэх мэт ёс бус үг урсгана. Цагдаагийн алба хаагчид холбогдох хууль дүрмийг зүйл, заалтаар нь тайлбарлаж, хэсэг рүү авч явахаар болов. Ингээд иргэн С-тэй хамт машинд суулгахаар явтал иргэн Г, Н нар цагдаагийн алба хаагчийн биед халдаж, өшиглөх нь тэр. Ахлах ахлагч Б.Өлзийбадрах тэдэнд шаардлагатай нөхцөлд хүч хэрэглэж болдогийг сануулж, гарыг нь мушгин гавлаж, машиндаа суулгав. Энэ үйл явдлыг хөндлөнгөөс харсан хүмүүс цагдаа нарыг онгироо, сагсуу, дээрэлхүү хэмээн бодож магад. Гэвч нөхцөл байдал дээр эсэргүүцэл үзүүлж буй согтуу хүнтэй ингэж харьцахаас өөр арга байдаггүй аж. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, нууцаар караоке ажиллуулсан этгээдүүдийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүргэв. Ээлжийн алба хаагчид тэднээс байцаалт авч, биеийн байдлыг нь үзсэнээр өмнө нь ирсэн хүмүүсийн хамт нэг өрөөнд оруулав. Энэ үед тус эрүүлжүүлэх байранд нийт 18 хүн байлаа. 

Өнгөрсөн онд худал дуудлага өгсөн 345 иргэнийг торгожээ

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэс нь  Баянхошуу бүсийн 13-р хороог хариуцан  ажилладаг. Тухайн бүс нутаг 22206  өрх, 88 мянга гаруй  хүн амтай. Хөдөө  орон  нутгаас шилжин  ирэгсэд,  эрхэлсэн ажилгүй,  тодорхой оршин  суух  хаяггүй иргэд олонтой. Иймээс ахуйн хүрээний архидан согтуурах явдал ихээр бүртгэгддэг бөгөөд гэр бүлийн  хүчирхийлэлд  хүүхэд өртөж,  хохирох  хэргийн гаралт бусад  дүүргээс  харьцангуй  өндөрт  тооцогддог байна. Энэ сарын 5-6-ны хооронд тус  хэлтэст   гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 71 дуудлага  мэдээлэл бүртгэгджээ.  Үүнээс 14  буюу 19.7  хувь нь  гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага  мэдээлэл байв.  Энэ хүрээнд зөрчил үйлдсэн  12  хүнийг  эрүүлжүүлэх,   нэг  хохирогчийг  хамгаалах байранд хүргэсэн байна. Тус хэлтсийн ажлын ачаалал, харъяаллын иргэдийн хэв журмын талаар Гэр бүлийн хүчирхийлэл,  хүүхдийн эсрэг  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах  мэргэжилтэн,цагдаагийн хошууч  Б.Батцоожоос тодруулахад “Энэ оны  эхний хоёр  сарын байдлаар манай хэлтэст 3029 дуудлага  мэдээлэл ирсэн. Үүнээс хүүхэд гэр бүлийн  хүчирхийллийн шинжтэй 650 дуудлага  мэдээлэл  бүртгэгдсэн нь  өмнөх оны  мөн үетэй харьцуулахад дуудлага  мэдээлэл 382 нэгжээр, хүүхэд  гэр бүлийн  хүчирхийллийн шинжтэй  дуудлага 310  нэгжээр тус тус буурсан байна. Мөн иргэд  хүчирхийллийг бие мах бодид гэмтэл учруулах гэж ойлгодог. Гэтэл зодохоос илүү гэр  бүлийн хамаарал бүхий этгээдийн дундын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхэд халдах, өөрөөр  хэлбэл,  гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх зурагт,  аяга, таваг, тогоо, шанага,  түүнчлэн    амьдарч буй  гэрээ   зарах,  барьцаалах,  мөн   хувь хүний өмч  болох гар утас, үнэт эдлэл зэргийг  зарах,  үрэгдүүлэх  зэрэг  хүчирхийлэл цөөнгүй үйлдэгддэг” гэв.  

Хохирогч Н: 14 жил хамт амьдрахдаа байнгын зодуулдаг байсан ч дөрвөн хүүхдээ бодоод тэвчиж ирсэн

Биднийг эрүүлжүүлэх байрнаас гарч тус хэлтэст очих үед  жижүүрийн утсанд нэгэн эмэгтэй “Салсан нөхөр минь намайг зодож, хүн танихын аргагүй болгочихлоо” хэмээн дуудлага өгч, тусламж хүслээ.  Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн XXV хорооны ... дугаар тоотод очиход нүүр нь хөхөрч, хавдсан, хамар, уруулаас нь цус гарсан байдалтай 35 орчим насны эмэгтэй нүүрээ даран уйлж суулаа. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, иргэн М (салсан нөхөр) зугтсан байв. Хохирогч эмэгтэйг Н гэдэг бөгөөд иргэн М-тэй 14 жил хамт амьдарч, дөрвөн хүүхдийн эцэг, эх болцгоожээ. Гэвч энэ хугацаанд эрүүл, согтуу аль ч үедээ харддаг, хардсанаасаа болж хүн танихын эцэсгүй болтол нь

зодох хэвийн үзэгдэл болсон байна. Хэдийгээр тэд есөн сарын өмнө салсан ч гурав хоногийн өмнө иргэн М уучлал гуйж, амьдралаа шинээр эхлүүлэхийг хүсээд эвлэрчээ. Есөн сарын дараа эргэн уулзсан тэд эвлэрлээ тэмдэглэж, нэг найзын хамт хоёр шил архи уусан гэнэ. Улмаар тэд унтахаар хэвтсэн бөгөөд хохирогчийн найз гэх Б-г сэрэхэд М уйлчихсан сууж байжээ.

Түүнээс энэ талаар тодруулахад “Би найздаа хувцсыг нь дөхүүлэх гэж өнөөдөр Төв аймгаас ирсэн. Энэ хоёр нийлчихсэн, бас намайг ирсэн гээд бид гурав ганцхан шил архи уусан. Худлаа гэвэл шил нь тэнд байгаа. Ууж байхад муудалцаж маргах, зодож цохих юм болоогүй. Би гал тогоонд, энэ хоёр том өрөөнд  унтсан. Нэг сэрэхэд л найз маань уйлчихсан, нөхөр нь байхгүй байсан. Гэхдээ тэр буцаж орж ирсэн. Аз болж та нар “Дуудлагын дагуу ярьж байна” гээд залгахад, тэр мэдсэн бололтой манай найзад “Хоёр хүүхдээ заавал өөртөө авна, харж байгаарай чи” гэж хэлчихээд гарсан” гэв. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хөхөрсөн нүд, хавдсан уруултай бүсгүй гэрээсээ хаашаа ч гарч чадахгүй нь. Түүний царайг харахад нүд халтирам. Хохирогч Н “Бид хоёр ханилаад 14 жил амьдарсан. Энэ хугацаанд уусан ч, эрүүл ч дандаа зоддог байсан. Би нэг ч удаа цагдаад дуудлага өгч үзээгүй. Өөрийгөө бодсон бол цагдаад өгөөд, яваад өгөхсөн. Ард нь “Аав аа” гээд үлдэх дөрвөн хүүхдэдээ юу гэж хэлэхээ мэдэхгүй болохоор тэднийгээ бодоод өнөөдрийг хүртэл тэвчсэн. Ер нь зоддог шалтгаан нь хардалт. Утас руу залгасан, утсан дээр зураг нь байгаа эр хүн бүртэй хардана. Би уг нь ар гэрийнхэнд нь хэлж байсан. Манай хүн чинь аав, ээж байхгүй бүтэн өнчин. Эгч нар нь тоодоггүй, дандаа л дүүгээ өмөөрдөг. Эднийхэн мөнгөтэй, танил ихтэй, яаж ч чадах улс. Тийм болохоор айгаад чимээгүй л явдаг” хэмээн ярив. Харин тэрбээр  зодуулсан шалтгаанаа “Өөр хүнтэй болоод дөрвөн хүүхэдтэй минь орхиод явсан. Сая уучлалт гуйж ирэхэд нь эргээд эвлэрсэн. Бид гурав архи ууж байгаад унтахаар хэвтэхэд утсанд нь дуудлага ирсэн. Нөхрийн эгч О “Чи чинь хаагуур яваад байгаа юм. Эхнэр чинь байлгахгүй, залгаад байна” гээд тасалсан. Тэгэхээр нь би “Чи явсан нь дээр” гэж хэлтэл “Чи муу намайг зайл гэлээ, гэрээсээ хөөлөө” гээд зодсон. Орноос үсдэж унагаад, нүүрэн дээр дэвссэн. Энэ толгойг хар даа, баахан булдруу ургаж, товойчихсон” гэсэн юм. Хошууч Б.Батцоож хохирогч бүсгүйг тайвшруулж, байцаалт авах хооронд дэд ахлагч Б.Бадарчин, ахлах ахлагч Б.Өлзийбадрах нар хүчирхийлэл үйлдэгчийг барихаар явав. Учир нь хохирогчийн яриагаар иргэн М-ын эгчийнх нь тэднийхээс гурван гудамжны урд байдаг аж. Шинэ цас орсон байсан учир бидний алхаа тод сонсогдоно. Гэнэтхэн дэд ахлагч Б.Бадарчин биднийг чимээгүй зогсохыг хүслээ. Тэрбээр хоёр хөлөө ээлж, ээлжээр зөөж хэдхэн алхсанаа гэнэт хашаан дээгүүр давав. Хашааны цаанаас “За больё оо” хэмээн дуу гарсан нь иргэн М байлаа. Яагаад биднийг чимээгүй зогсохыг шаардсан талаар дэд ахлагч Б.Бадарчингаас тодруулахад “Та нарын хөлийн чимээнээс гадна дахиад нэг хөлийн чимээ гарсан. Тэгээд та нарыг хөдөлгөөнгүй зогсоож, би түүний алхааг яг дагаж зөөлөн алхсан. Тэр явчихлаа гэж бодоод гүйх гэж байхад нь барилаа” гэв. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэн М салсан эхнэрээ зодсоноо хүлээж, хариуцлага хүлээхэд бэлэн тухайгаа хэлсэн юм. Тэрбээр, өмнө нь модны хулгай, хууль бус тээврийн хэргээр нэг жил хоёр сар хоригдож байжээ.

Үндэсний шуудан сонин

http://www.npost.mn/a/165997?fbclid=IwAR3-KYpoWKz6ugFFNhuwy36ico9Er3Yshciy35B7DXyAOBqoJTkDYo84eUM

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах