Мэдээлэл   

Б.БИЛГҮҮН: Маргаан уу? Хүчирхийлэл үү?

     Гэр бүлийн халуун дулаан уур  амьсгал, аз жаргал гэдэг юунаас ч илүү үнэтэй. Та энэ үгтэй санал нийлж байвал өнөөдрөөс гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцан халуун дулаан уур амьсгалаа улам бэхжүүлэн ямар нэгэн үр дүнтэй ахиц гаргаасай гэж хүсэж байна. Ярилцах нь ойлголцохын эхлэл юм шүү.  Гэр бүлийн хүчирхийлэл нь уншигч танд магадгүй мөнхийн сэдэв юм шиг санагдаж байж болно. Гэхдээ бид өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ? гэхээс илүүтэйгээр гэр бүлийн хүчирхийлэл үүсэх гол шалтгаан нь юу болох? хэрхэн бууруулах талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Билгүүнтэй ярилцлаа.
       -Зарим хүмүүс ганцхан архидан согтуурсны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг гэж ойлгодог. Тэгвэл өөр ямар шалтгаануудаас гэр бүлийн хүчирхийлэл үүдэж байна вэ?  Энэ асуултаас ярилцлагаа эхлүүлье

      Цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн хүчин зүйлсээс шалтгаалаад  эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдөж байгаа. Бидний хэлдгээр гэрийн ажил, хүүхэд харах нь эмэгтэй хүний ажил харин өрх гэрийн тэргүүн нь гэр бүлээ санхүүгийн хүрээнд авч явах ёстой гэдэг нь өрөөсгөл ойлголт болсон. Одоо үед өрх гэрийн ажлын хажуугаар санхүүгийн хувьд хэнээс ч хараат бус байр сууриа олж амжилттай ажиллаж байгаа олон эмэгтэйчүүд, залуучуудыг харж болно. Дан ганц гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь эмэгтэйчүүд гэж ойлгож болохгүй. Цагдаагийн байгууллагын судалгаагаар бүртгэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх тохиолдлын хохирогч нь эмэгтэйчүүд, хүүхэд багачууд байгаа болохоор миний ярилцлага илүү эрэгтэйчүүдрүү чиглэсэн байгаа гэдгийг ойлгохыг хүсье. 

-Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

Цагдаагийн байгууллага Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сантай хамтран гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, иргэдэд хүчирхийллийг үл тэвчих хандлагыг төлөвшүүлж, хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, өртөж хохирч байгаа иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хайр өвтгөдөггүй” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг энэ оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

-“Хайр өвтгөдөггүй” аяны онцлог нь юу вэ?
    Дэлхий нийтэд коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор төр захиргааны байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бүх нийтээр дагаж мөрдөж байгаа захирамжтай уялдуулан энэ удаагийн арга хэмжээг иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэхдээ зөвхөн хэвлэл мэдээлэл, цахим орчинд өрнүүлж байгаагаараа онцлог.

    Арга хэмжээний мэдээллийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын болон дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсүүдийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд хүргэж байна.

Та энэ ярилцлагыг уншиж байгаа бол эмэгтэй хүний хийх ёстой гэж боддог ажлыг өөрийн биеэр хийж үзсэн үү? хайртай дотны хүмүүстэйгээ ярилцаж, өөрийн хүүхдүүдийн юу хүсэж мөрөөддөгийг асууж, хүүхдүүдээ унтахад нь үлгэр уншиж өгдөг үү гэдэг асуултыг үлдээмээр байна.

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлснээр төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтран ажиллах уялдаа холбоог тусгаж хохирогчийн аюулгүй байдлыг хангаж, тусламж үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллагын алба хаагчид, иргэдийг гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага мэдээллийг мэдээллэх үүргийг хуулиар зохицуулж өгсөн. Энэ хуулийн хүрээнд цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг хүлээн авч гэм буруутай этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар хариуцлага оногдуулдаг. 

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ямар арга хэмжээ тооцон хэргийг хэрхэн шийдвэрлэж байна?

   Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил үйлдсэн хүнд шүүхийн шийдвэрээр 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулж, зан үйлд нөлөөлөх 10-50 цагийн албадан сургалтад хамруулдаг бол удаа дараа баривчлах шийтгэл эдэлж засраагүй, байнгын хүчирхийлэл үйлддэг этгээдэд 6 сараас 2 жил хүртэл хорих  ял оногдуулахаар хуульчилсан. 

-Тэгвэл 7-30 хоногийн дараа гарч ирээд давтан хүчирхийлэл үйлдвэл яах вэ?

    Энэ тохиолдолд дээрх зөрчлөө давтан үйлдсэнд тооцож тухайн зөрчлөөрөө хоёр болон түүнээс дээш шийтгүүлсэн байх юм бол эрүүгийн хуулийн 11.7-д зааснаар ял шийтгэл оноодог. Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цагдаагийн байгууллагын санд бүртгэг дсэн, шүүхээр шийтгэгдсэн иргэдэд дахин хүчирхийлэл үйлдэх эрсдэлтэй гэж үзэн цагдаагийн байгууллагын алба хаагч, хорооны хамтарсан багийн гишүүд тухайн айл өрхөд хяналт тавьж, хууль эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэхээс гадна дахин энэ төрлийн зөрчил үйлдүүлэхгүй байх үүднээс зан үйлд нөлөөлөх ажил, сургалтыг зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран холбон зуучлах ажлыг зохион байгуулдаг. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээллийн дийлэнх хувийг хүчирхийлэл үйлдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гаргаж байна.

-Иргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө хэрхэн мэддэг вэ?

   Түрүүн хэлсэнчлэн гэр бүлийн хүчирхийлэл нь хаалттай хаалганы цаана үйлдэгддэг учир иргэд, хөрш айлууд цагдаагийн байгууллагад хөндлөнгөөс мэдээллэх чухал ач холбогдолтой төдийгүй мэдээлэл өгсөн хүний мэдээллийг цагдаагийн байгууллага нууцалж аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Хохирогчид эхний тохиолдолд цагдаагийн байгууллагад гомдол гаргана гэдэг ховор тохиолдол. Тиймээс ирсэн эхний дуудлага мэдээллийн цаана урьд өмнө нь үйлдэгдсэн байна уу үгүй юу гэдгийг тогтоохоор алба хаагчид тодорхой ажиллагаануудыг хийдэг. 

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар-н зураг.

-Бие махбодод гэмтэл учраагүй бол л хүчирхийлэлд өртөөгүй гэсэн маш том өрөөсгөл ойлголттой явдаг иргэд байдаг шүү дээ үүн дээр зөвлөгөө өгөөч?

    Дан ганц зодож цохих үйлдэл нь хүчирхийллийн шинж чанарт хамаарахгүй. Хүчирхийлэл үйлдэгч хохирогчийг бусадтай харилцахыг хязгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах нь хүчирхийллийн хэлбэрт хамаарагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн зарим хүчирхийллийн хохирогч нар эрх зүйн болон энэ талын мэдлэг дутмаг дахиж ийм явдал гарахгүй байх гэж итгэж, найддаг байдлаас цагдаагийн байгууллагад хандах тухайн гэр бүлийн гишүүний гаргаж буй хүчирхийллийн үйлдэлд дасан зохицох явдал цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагааны явцад гардаг. Эрх нь зөрчигдөж байгаа бол цагдаагийн байгууллагад хандаж зөрчил үйлдсэн этгээдэд хуульд заасан шийтгэлийг оногдуулах ёстой.

Гэр бүлийн хүчирхийлэл нь дан ганц архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үеийн үйлдэл гэж ойлгож болохгүй

    Мөн гэр бүлийн маргаан, хүчирхийлэл хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Энгийнээр хэлэхэд тухайн гэр бүлд хэн нэгний давуу эрх давамгайлж тэгш бус харилцаа байгаа үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинж юм. 

  Гэр бүлийн хүчирхийлэл нь хайртай дотны хүмүүсийн дунд хаалттай хаалганы цаана үйлдэгдэж, цаашлаад эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, бага, өсвөр насны хүүхдүүдийн суурь хүмүүжлийн асуудал хөндөгдөж байдгаараа маш их хор уршигтай үйлдэл. Энэ утгаараа цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл бусад дуудлага мэдээлэлтэй хамт ирсэн тохиолдолд нэн түрүүнд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээллийг шалгадаг.

-Хохирогчид гэр бүлийн хүчирхийлэгчийг цагдаагийн байгууллагаас нуун дарагдуулах хандлагатай байдаг.  Үүний шалтгаан?

    Тухайн хүчирхийллийн үйлдлийг удаан хугацааны туршид тэвчсэнээр эцсийн үр дүнд амь нас, эрүүл мэндээрээ хохирох өөрөө удаан хугацааны дарамт шахалтын улмаас хариу үйлдэл үзүүлж өөрөө гэмт хэрэг, зөрчил үйлдэх эрсдэл гарч байна.  Эцэст нь хэлэхэд цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг иргэд олон нийтийн тусламжтай илрүүлэн мэдээллийн нууцыг хадгалж, эрх нь зөрчигдсөн хохирогчийн эрхийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран үргэлжлүүлсээр байх болно.

Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж 

http://www.arslan.mn/social/news/614724.shtml?fbclid=IwAR3AjGL_WIdsD7gLAWx_Om7k6PYYLewxUGxDZuOtDukiL0Maz1FJreGEh74

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах