Мэдээлэл   

Л.Амармөрөн:Цахим орчинд болон бусад хэлбэрээр архи, согтууруулах ундаа худалдах зөрчил нэмэгдсэн

Дотоодод халдвар тархсанаас Улаанбаатар хотод хөл хорио тогтоосон. Энэ үеэр бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа.               

-Цар тахлын улмаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж архи, согтууруулах ундаа худалдаалыг хориглосон. Гэвч нууцаар худалдаалсан тохиолдлууд гарсан гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнийг тодруулвал?

-Нийслэл хотод Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1242 дугаар захирамж гарсан. Энэ хугацаанд цахим орчинд болон бусад хэлбэрээр архи, согтууруулах ундаа худалдах зөрчил нэмэгдсэн. Дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүд арваннэгдүгээр сарын 12-ноос 12 дугаар сарын 14-ний 22:00-05:00 цагийн хооронд хяналт шалгалт хийж 403 зөрчил илрүүлсэн. Тодруулбал, энэ үеэр согтууруулах ундаа худалдаалсан 28 аж ахуй нэгж байгууллагыг 41.7 сая төгрөгөөр, гар дээрээс согтууруулах худалдсан 138 хүнийг 79.7 сая төгрөгөөр  торгож, 62 хүнд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан. Одоо 175 зөрчилд хариуцлага тооцуулахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.  Мөн Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зар, мэдээлэл байршуулсан 11 хаягийг устгуулж, нийт 89 фэйсбүүк хаяг, байршуулсан постыг устгуулах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлээд байна.

-Эдгээр иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулсан уу?

-Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулдаг. Тухайлбал, гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, эсхүл түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн хуулийн 5.13 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг зөрчиж байгаа хэрэг юм.

Дээрх үйлдэлд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна, Энэ хуулийн тусгай ангид заасан бол энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчилд оногдуулах үндсэн шийтгэл дээр нэмж бусад зөрчилд оногдуулахаар заасан нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг оногдуулна”-гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулдаг.  Энэ нь хууль бусаар олсон орлого, зарж борлуулж байсан архи, согтууруулах ундааг хурааж, иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоног баривчлах, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгоно гэсэн үг юм.

- Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллээс эхлээд бусад төрлийн дуудлага буурсан уу?

-Нийслэл хотод арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 14-ний өдрийг хүртэл 20779 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 28850 нэгжээр буюу 58  хувиар буурсан байна.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй 727 буюу 67.7, зөрчлийн 14234 буюу 55.5, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 2182 буюу 51 хувиар, согтуугийн дуудлага 4267 буюу 67.4 хувиар, эрүүлжүүлэгдсэн хүн 2717 буюу 65.5 хувиар тус тус буурсан.

-Даваа гаригаас эхлэн зарим төрлийн согтууруулах ундааг  худалдаалахыг зөвшөөрсөн захирамж хэрэгжиж эхэлсэн. Үүний талаар мэдээлэл өгнө үү?

-Засгийн газрын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 209 дүгээр тогтоолын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай ”А/1280 дугаартай захирамж гарч хэрэгжиж байна. Захирамжаар үйл ажиллагааг нь хязгаарлах 18 салбар, чиглэлийг тогтоосон. Захирамжийн хавсралтад зааснаас бусад худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд спиртийн өндөр агууламж /18 хувиас дээш/ бүхий согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Бусад байгууллагын хувьд Нийслэлийн онцгой комиссын даргын баталсан “Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар, хамгааллын нийтлэг журам”, “Зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ын хүрээнд үйл ажиллагаа явуулна. Цагдаагийн байгууллагаас дээрх шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах