Байгууллагын түүх   

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ТҮҮХ

 

 

 

НЭГ.ҮҮСЧ ХӨГЖСӨН ЭХЭН ҮЕ БУЮУ 1920, 30-ААД ОНЫ

                  НИЙСЛЭЛИЙН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛЛАГА

Түүхийн сурвалж баримтуудыг нягтлан үзвэл Монгол улсад Цагдан сэргийлэх байгууллага нь Богд хаант улсын үед ч, автономитын үед ч, Ардын хувьсгал ялж шинэ засаг тогтсон эхний жилүүдэд ч зөвхөн Нийслэл хотын хүрээнд үйл ажиллагаа явуулж байжээ.Ийм учраас Нийслэлийн Цагдаагийн байгууллагын түүх бол Монгол улсын Цагдан сэргийлэх байгууллагын түүхийн уг сурвалж, бүрэлдэхүүн хэсэг гэж хэлж болно.

18 дугаар зууны үеэс эхлэн Монгол улсын Нийслэл их хүрээнд цагдаа буюу цэрэг суулгаж, хэв журам, хэрэг зөрчилтэй тэмцэх ажил хийлгэж байжээ. 1890-ээд оны эцэст их хүрээнд орон тооны цагдаа 10, тэдгээрийн уналгын морь 40, эдгээр цагдаа нарын унах морьдыг халх дөрвөн аймгаас хуваарилан хангаж байсан тухай тэмдэглэгдсэн байна.Монгол улс 1691 онд Манжийн эрх мэдэлд орсон бөгөөд энэ үед Манжийн хааны хууль зарлигийг дагаж биелүүлэх ёстой байсан тул нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх ажил гагцхүү тэр хуулиар зохицуулагдаж байжээ.Гэвч бүхнийг тэдний хууль зарлигаар шийдэхэд учир дутагдалтай, Монгол төрийн уламжлалт хууль ёсонд зохицохгүй байснаас 1709 онд “Халх журам” хуулийг гаргаж 1754 он хүртэл дагаж мөрдөж байв.

Манжийн дарлалын үед Их хүрээний эргэн тойрон газрыг 15 хувааж 4 аймаг, шавь таван газраас цагдаа өрх дайчлан цагдан харгалзуулж байсан ажээ.1911 онд Ар Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялалтанд хүрч, шашин төрийг хосолсон Богд хаант тусгаар улсаа байгуулсан билээ.1916 онд Богд хааны зарлиг гарч “Хүрээний цагдан сэргийлэх албан газар”-ын анх байгуулж, мөрдөн ажиллах дүрмийг 1916 оны арванхоёрдугаар сарын 30-нд батлан мөрдүүлжээ.Энэ дүрэм нь “Нийслэл хүрээний тойрон газруудыг цагдан сэргийлэх дүрэм хэмжээ тогтоох нь” гэсэн нэртэй 27 зүйлтэй байна. Дүрмийн хоёрдугаар зүйлд “Цагдан сэргийлэх албан газар нь эрхэлсэн түшмэл  1, туслах түшмэл  1, морьт цагдааг захирах түшмэл 4, явган цагдааг захирах түшмэл 1, дөрвөн аймгийн цэргийг захирах түшмэл 4, шавийн хороо, харцуулын захирах түшмэл  1, морьт цагдаа 42, явган цагдаа   42, дөрвөн аймгийн цагдаа 60, албан газрын галч 3 байхаар орон тоог батлан тогтоож өгсөн байна.”

Энэ дүрмээр арван тавны цагдаа нь өрх гэрийн байдлаар олон жил ажиллаж ирсэн өмнөх үеийн уламжлалт байдлыг өөрчилж, цэргийн албан хаагчийн ёсоор тусгай хуаранд байрлуулан, ялгах тэмдэг бүхий тусгай хантааз буу хэрэглэх зэргийг зааж өгсөн байна.

Арван тавны цагдаа нь морьтой явганаараа ялгах тэмдэг бүхий “Цагдан сэргийлэх морьт цагдаа”, “Цагдан сэргийлэх явган цагдаа” гэсэн монгол үсгийн бичигтэй шар хантааз өмсдөг байжээ.Уг дүрмийн дотор Цагдан сэргийлэх газрын хийж гүйцэтгэх ажлын талаар тодорхой зааж гаргасан байна.”Цагдан сэргийлэх нь аливаа олныг цаг үргэлж тайван суулгах, Богдын тушаалыг дагаж явуулах, зохих дээд тушаалын эхэс, гадаад улсын элчин сайд нарыг хичээнгүй ёсоор харгалзан эрхэмлэж өнгөрүүлэх, аливаа хүнд найртай эелдэг зан ёсоор хандаж, тушаалын хэргийг сайтар битүүмжлэн гүйцэтгэвээс зохино” “Нийслэл хүрээний газар элдэв хүн буудаллах, цуглах, будаа цайллага болох үед цугларагсдын дотор цаазалсныг зөрчиж хэрэлдэн гуугилдах ба мөрийцөн наадах, архи уух, хар тамхи татах, мөн дэмий ёс бусчилан үг хэлэлцэхүй зэрэг муу самуун гэм гаргахуй дор хүрэх аваас зохигчдод ятган ухуулж дарангуйлан зогсоосугай.Хэрэв дагахгүй зөрчвөөс харъяат албаны газар хүргүүлж, уламжлан учир гаргаж дээд яаманд мэдүүлж залхаан шийтгүүлбээс зохино” гэх зэргээр заажээ.

Ийнхүү “Нийслэл хүрээний Цагдан сэргийлэх албаны газар” зохион байгуулагдаж хотын доторх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэж, нийгмийн хэв журам сахиулан хамгаалж харуул хамгаалалтын үүргийг биелүүлэн ажиллаж байсаар 1921оны Ардын хувьсгалтай золгож, энэ үеэс шинэ үеийн ардын цагдан сэргийлэх болон ажиллаж эхэлсэн түүхтэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах